Иракийн нийслэл Багдад хотын Ибн Хатиб эмнэлэгт бямба гарагийн шөнө хүчилтөрөгчийн нөөцлүүр сав дэлбэрч, гал гарсан байна. Тус эмнэлэгт коронавирусийн халдвартай өвчтөнүүдийг хэвтүүлэн эмчилж байсан бөгөөд 82 хүн нас барж, зуу гаруй хүн бэртэж гэмтсэн тухай мэдээлжээ.
Иракийн Ерөнхий сайд Мустафа аль Кадими уг ослын дараа Эрүүл мэндийн сайдыг ажлаас нь түдгэлзүүлж, хэргийн мөрдөн шалгах ажлыг эхлүүлэхийг даалгажээ.
Иргэний аюулгүй байдлыг хамгаалах газрын дарга генерал Кадим Бохан гал тус эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн хэсэгт гарсан гэдгийг мэдээлжээ. Яаралтай түргэн тусламжийн тасагт 30 өвчтөн эмчлүүлж байсан байна. Түймрийг ням гарагийн өглөө унтраажээ.
Яаралтай түргэн тусламжийн тасгаас хүчилтөрөгчийн машиныг авч, өвчтөнүүдийг тээвэрлэх үед хүчилтөрөгч дутагдсанаас олон хүн нас барсан ба зарим нь галын утаанд угаартаж нас барсан гэж мэдээлжээ.
Ирак улсад хоёрдугаар сараас хойш цар тахлын халдвар огцом нэмэгдэж, нийт сая гаруй иргэн халдвар авч, 15,000 гаруй хүн нас бараад байна. Бүх нийтийг дархлаажуулах ажлыг өнгөрсөн сард эхлүүлж Ковакс хөтөлбөрийн хүрээнд 650,000 тун вакцин хүлээн авчээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.