Оксфордын их сургуулийн багийн гаргаж авсан хумхаа өвчний эсрэг шинэ вакцин нь 77 хувийн үр дүнтэй болох нь урьдчилсан туршилтаар тогтоогдсоноор энэхүү өвчний эсрэг томоохон нээлт болов.
Хумхаа өвчнөөр жилд 400 мянга гаруй хүн нас бардаг бөгөөд ихэвчлэн Өмнөд Африкийн насанд хүрээгүй хүүхдүүд амиа алддаг билээ. Эрдэмтэд тус өвчний эсрэг вакциныг гаргаж авахаар олон жилийн турш туршилт хийсэн боловч энэ удаагийн вакцин нь урьдчилан сэргийлэх үр дүнгийн шаардлагатай хэмжээг хангасан анхны тохиолдол юм. Энэхүү вакцин нь дэлхий нийтийн эрүүл мэндэд томоохон нөлөө үзүүлнэ гэж судлаачид үзэж байна.
Африкийн Буркина Фасо улсын 450 хүүхдэд хийсэн туршилтаар шинэ вакцин нь аюулгүй бөгөөд өндөр үр дүнтэй гэж тогтоогджээ. Одоо эрдэмтэд илүү өргөн хүрээний туршилт хийн, судалгааны үр дүнг баталгаажуулахаар төлөвлөж байгаа аж. Тэд Африкийн дөрвөн улсын таван сараас гурван нас хүртэлх таван мянга орчим хүүхдийн дунд томоохон туршилт хийх юм.
Хумхаа нь шумуулаар дамжин хүнд халдварладаг амь насанд аюултай өвчин билээ. Хэдийгээр уг өвчнөөс урьдчилан сэргийлж, эмчлэх боломжтой хэдий ч Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоолсноор 2019 онд дэлхий даяар 229 сая тохиолдол бүртгэгдэж, 409 мянган хүн нас барсан байна.
Тус байгууллага нь хумхаа өвчний вакциныг дор хаяж 75 хувийн үр дүнд хүрэх хэрэгтэй гэсэн шаардлагыг тавьдаг юм. Тэгвэл Оксфордын их сургуулийн боловсруулсан вакцин нь уг зорилгод хүрсэн анхны вакцин гэж тус их сургуулийн Вакцин судлалын профессор Адриан Хилл хэлжээ. Өнөөдрийг хүртэл хумхаа өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй вакцин нь зөвхөн 55 хувийн үр дүнд хүрж байсан байна.
Хумхаа нь олон мянган гентэй учир тус өвчинтэй тэмцэхэд маш өндөр дархлааны хариу урвал шаардлагатай байдаг аж. Үүний улмаас үр дүнтэй вакцин гаргаж авахын тулд нэлээд удаан хугацаа шаардагдаж байгаа юм. Үүнтэй харьцуулахад коронавирус нь зөвхөн хэдэн арван гентэй байдаг байна. Африкт сүүлийн нэг жилийн хугацаанд коронавирусээс илүү хумхаа өвчнөөр олон хүн нас баржээ.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.