АНУ-ын кино академийн шагнал гардуулах Оскарын наадам яг одоо зохион байгуулагдаж байна. Энэ жилийн Оскарын наадам коронавируст цар тахлын улмаас хоёр сарын хугацаанд хойшлогдсон юм.
Наадмын шилдгүүд шалгарч эхэлсэн бөгөөд академийн шагнал гардуулах ёслолын 93 жилийн түүхэнд анх удаа ази гаралтай эмэгтэй найруулагч Оскар хүртсэн түүхэн үйл явдал боллоо. Өнөөдрийг хүртэл Оскарын наадмын шилдэг найруулагчийн шагналд ердөө таван эмэгтэй нэр дэвшиж байсан нь бүгд цагаан арьст эмэгтэйчүүд байжээ.
2010 онд “The Hurt Locker” бүтээлийн найруулагч Кэтрин Бигелов наадмын түүхэнд Оскар хүртсэн цорын ганц эмэгтэй найруулагч болж байв. Тэгвэл энэ жилийн Оскарын шагнал гардуулах ёслолд “Nomadland” бүтээлээрээ ази гаралтай америк эмэгтэй Клое Жао шилдэг найруулагчийн шагнал хүртэж уг шагналыг хүртсэн анхны ази гаралтай эмэгтэй боллоо.
Үүгээр зогсохгүй энэ жил шилдэг эмэгтэй найруулагчийн төрөлд дахин нэг эмэгтэй найруулагч өрсөлдсөн нь Эмералд Феннель юм. Наадмын түүхэнд анх удаа хоёр эмэгтэй найруулагч нэг жилд зэрэг нэр дэвшсэн гэдгээрээ ч онцлог болж байна.
Найруулагч Жао Оскар хүртсэнээр ази гаралтай эмэгтэйчүүд дэлхийн энтертайнмент ертөнцөд өрсөлдөх боломж нээлттэй гэдгийг харуулсан түүхэн өөрчлөлт гэж ажиглагчид дүгнэж байна. Өнгөрсөн жилийн Оскарт “Parasite” киног найруулсан БНСУ-ын найруулагч Бон Жүн Хо Азийн кино урлаг дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадамжтай болсныг харуулж Оскар хүртсэн билээ.
Энэ жил 40 нас хүрэх уран бүтээлч Клое Жао БНХАУ-д төрж өсчээ. Оскарын шагнал хүртсэнийхээ дараа тэрээр уулзсан хүн бүрээсээ сайн талыг нь олж харвал хэцүү зүйл гэж үгүй гэдгийг хэлжээ. Түүний найруулсан “Nomadland” бүтээл шилдэг найруулагчаас гадна шилдэг кино, гол дүрийн шилдэг эмэгтэй жүжигчний төрөлд нэр дэвшин өрсөлдөж байна.
Эх сурвалж: ВВС, CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.