Өнөөдрийн байдлаар коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тунд улсын хэмжээнд нийт 651061 иргэн хамрагдаад байгаа бол хоёрдугаар тунд 118127 иргэн хамрагдаад байна. Вакцинжуулалтад 40-49 насныхан хамгийн идэвхтэй хамрагдаж байгаа ба үүний дараа 50-59 насныхан идэвхтэй хамрагдаж байна.
Мөн 55-аас дээш насны иргэд вакцины нэгдүгээр тунд хамрагдаж байна. Хоёрдугаар тунг тарьж дууссаны дараа 18-аас дээш насны хүмүүсийг нэгдүгээр тунд хамруулж эхэлнэ.
Дэлхийн 175 улсад коронавирусийн эсрэг дархлаажуулалт эхэлсэн бөгөөд Израйль, Их Британи, Чили, АНУ, Бахрейн улсууд хамгийн олон иргэдээ вакцинд хамруулаад байна.
Манай улс БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн Вероселл, Кор В вакцины 600,000 тун, АстраЗенекагийн 50,000 тун вакцин хүлээн авсан. Эдгээр вакцинуудыг түлхүү хоёрдугаар тунгийн дархлаажуулалтад ашиглана. Харин ОХУ-ын Спутник вакциныг одоогоор албан ёсоор оруулж ирээгүй, оруулж ирэх хэлэлцээр Засгийн газрын түвшинд явагдаж байна. Өмнө нь хувийн хэвшлийн байгууллага тусгай зөвшөөрлөөр 10,000 тун Спутник вакциныг авчран, хувийн хэвшлийн эмнэлгүүд тарьж дуусгасан.
Вакцинд хамрагдаж байгаа иргэдийн ихэнх нь зайгаа барьж байгаа боловч зарим иргэд хоорондоо хэт ойртон, урт дараалал үүсгэж байгаа нь эрсдэл дагуулж байна. Хэрэв тантай харьяа эрүүл мэндийн байгууллагаас дархлаажуулалтад хамрагдах талаар холбогдоогүй бол сандрах хэрэггүй тань руу зурвас илгээх, дуудлага ирэх бөгөөд нэгдүгээр тунгаа хийлгэсэн бол хоёрдугаар тунд таныг заавал хамруулна гэдгийг ЭМЯ-аас зөвлөлөө.
Тиймээс иргэд дархлаа тогтох хугацаа өнгөрлөө гэж сандрах хэрэггүй. Вероселл болон АстраЗенека вакцины хувьд 28-56 хоногт тариулбал дархлаа тогтоно гэсэн судалгаа бий. Тиймээс хоног хугацаа алдчихлаа гэж сандрах хэрэггүй. Яаралгүй, дараалал үүсгэлгүй вакциндаа хамрагдахыг уриалж байна.
Үүгээр зогсохгүй вакцинд хамрагдсан хүмүүс сэрэмж алдаж, амны хаалтаа тайлж болохгүй. Өөрөө хөнгөн хэлбэрээр өвчилсөн ч бусад хүмүүст халдаах эрсдэлтэй байна.
Эмнэлгийн ажилтнууд коронавирусийн хариуг хуурамчаар гаргасан тухай мэдээлэл, сэрдэлт нийгмийн сүлжээнд тархаад байна. Манай эмнэлгийн салбарт шинжилгээний хариуг албаар засаад сууж байх хүн байхгүй гэдэгт итгэж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.