ЭМЯ: Монгол улсын Засгийн газрын хатуу хөл хорионы хугацааг сунгах шийдвэрийг мөрдөж баримтлан, өөрийгөө болон өөрийнхөө хайртай хүмүүсийг хайрлаж байгаа танд талархаж байна. ЭМЯ-ны үйл ажиллагааг дэмжин ажиллахыг уриалж байна.
Өнгөрсөн нэг хоногт 13,000 гаруй сорьцод шинжилгээ хийхэд 1263 хүн шинээр халдвар авсан нь тогтоогдсон байна. Улсын хэмжээнд нийт 29219 хүн Ковид-19-ийн халдвар аваад байна. Мөн сүүлийн 24 цагт таван хүн Ковид-ын шалтгаантай нас барлаа. Улмаар Ковид-ын шалтгаант өвчлөлөөр нас барсан иргэдийн тоо нийт 74 болж байна.
86 настай эрэгтэй коронавирусийн халдвар авч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад, 71, 72, 73 настай эрэгтэйчүүд онош нь батлагдаж эмнэлэгт хэвтэж байгаад, 77 настай эмэгтэй 3 хоногийн өмнө онош нь батлагдаж эмнэлэгт хэвтэж байгаад хүндэрч нас баржээ. Түүнчлэн 72 настай хорт хавдартай эмэгтэй гурван долоо хоногийн өмнө халдвар авч эмнэлэгт байж байгаад нас барсан байна. Нас барсан иргэдийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлье.
Улаан бүсэд буюу халдварын голомтод ажиллаж байгаа гурван эмч коронавирусийн халдвар авснаар нийт 80 эмч, эмнэлгийн ажилтан халдвар аваад байна. Шинээр бүртгэгдсэн халдварын 1140 нь Улаанбаатар хотын 9 дүүрэг 140 гаруй хорооноос илэрлээ. Өмнө нь батлагдсан тохиолдуудын ойрын хавьтлуудаас тогтмол илэрч байна.
Коронавируст халдвараар хүндэрч байгаа тохиолдлын дийлэнх нь өөрийгөө эмчлэх гэж оролдох, үл тоох болон ханиадтай андуурснаас болж байна. Тиймээс ямар нэг шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаралтай өрх, дүүргийн эмнэлгүүдэд хандахыг уриалж байна. Түүнчлэн амьсгалын дасгал хийх, амьсгалаа хэмжих, хажуу тойрны хүмүүсээ анхаарахыг ЭМЯ-аас уриалав.
Дэлхий дахинд өнгөрсөн нэг хоногт 900,000 орчим коронавирусийн шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт 134 сая гаруй хүн халдвар авлаа. Энэ нь дэлхий дахинд халдварын тархалт буураагүй гэдгийг харуулж байна. Түүнчлэн өнгөрсөн хоногт дэлхий дахинд 14,151 иргэн нас баржээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.