Өмнөд Солонгосын Хүнс, эмийн аюулгүй байдлын яам хоёр төрлийн коронавирусийн гэрийн шинжилгээний иж бүрдэлд яаралтай зөвшөөрөл олгожээ.
Тус улсад цар тахлын халдварын тархалт тогтмол өсөж байгаа бөгөөд шинжилгээний чадавхаа нэмэгдүүлэхийн тулд эдгээр иж бүрдлийг нэмэлт хэрэгсэл болгож ашиглах аж. БНСУ-ын эрх баригчид орон нутгийн биотехнологийн "SD Biosensor" болон "Humasis" хэмээх хоёр компанийн бүтээсэн шинжилгээний хэрэгслийг иргэддээ тараах болсон байна.
Хүмүүс энэхүү иж бүрдлийг ашиглан өөрсдөө шинжилгээ авах боломжтой бөгөөд хариу нь 15-20 минутын дотор гарах гэнэ.
Гэвч уг гэрийн шинжилгээний хэрэгсэл нь "PCR" шинжилгээтэй харьцуулахад нарийвчлал багатай тул зөвхөн нэмэлт хэрэгсэл болгон ашиглах хэрэгтэй гэж эрүүл мэндийн байгууллагууд үзэж байгаа юм. Тиймээс хэрэв тус шинжилгээний хариу "Эерэг" гарсан бол иргэд "PCR" шинжилгээнд хамрагдах ёстой байна.
Эдгээр хоёр гэрийн шинжилгээний хэрэгсэл нь гадаадын улс орнуудаас мөн яаралтай хэрэглээний зөвшөөрөл аваад байгаа бөгөөд Европын хэд хэдэн оронд ашиглаж эхлээд байгаа юм.
Эх сурвалж: Yonhap News Agency