Японд 67 жилийн турш тасралтгүй зохион байгуулагдаж ирсэн Токиогийн авто шоу анх удаа цуцлагдахаар болсныг албан ёсоор мэдэгджээ. Коронавируст цар тахлын халдвар нэмэгдсээр байгаа тул алдарт авто шоу анх удаа цуцлагдахаар болсон байна.
Зуны Олимпийн наадмын зохион байгуулагчид Токиогийн Олимпийн бэлтгэл ажлаа түргэвчилж байгаа ч авто шоу ийнхүү цуцлагдлаа. Цар тахлын үеийн нөхцөл байдлаас шалтгаалаад дөрөвдүгээр сарын 25-ны өдрөөс тавдугаар сарын 11-ний өдөр хүртэл Токио, Осака болон дахин хоёр мужид онц байдал зарлахаар төлөвлөж байна.
Японд коронавирусийн халдварын тархалт эрс нэмэгдээд байгаа бөгөөд коронавирусийн мутацид орсон шинэ хувилбар тархалтыг улам бүр нэмэгдүүлж байна гэж үзсэн.
Токиогийн авто шоу 1954 оноос зохион байгуулагдаж эхэлсэн. Ихэвчлэн хоёр жил тутамд нэг удаа болдог бөгөөд энэ жилийн аравдугаар сард болохоор төлөвлөөд байсан юм. Хамгийн сүүлд 2019 онд Японы автомашины үйлдвэрлэгчдийн холбоо тус шоуг зохион байгуулж, 1,3 сая хүн үзэж сонирхжээ.
Тус холбооны тэргүүн, Toyota компанийн Ерөнхийлөгч Акио Тоёодагийн хэлснээр хүрээлэн буй орчинд аюулгүй байдлаар томоохон арга хэмжээгээ зохион байгуулахад тун бэрхшээлтэй нөхцөл байдал үүссэн тул энэ жил цуцлахаас өөр аргагүй болсон гэж мэдэгдлээ.
Дэлхийн бусад томоохон хэмжээний авто шоунууд цар тахлын улмаас цахим хэлбэрт шилжсэн боловч Токиогийн авто шоуг бүрэн цуцалсан нь зүйтэй гэж үзсэн байна. Энэ жилийн хамгийн том авто шоу Шанхайн авто шоу энэ долоо хоногт эхэлж байна. Тус шоу бүх оролцогчдод нээлттэй бөгөөд орох хаалган дээр Ковид-19-ийн шинжилгээ авах юм байна.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.