Мексик, Польш зэрэг улсын хууль бус наймаачид "Pfizer" коронавирусийн вакцины хуурамч хувилбарын тун тус бүрийг 2,500 ам.доллароор зарж байсныг тус вакциныг үйлдвэрлэгч компани болон албаны хүмүүс батлан, мэдэгджээ.
Мексикт байрлах нэгэн эмнэлэгт 80 орчим хүн хуурамч вакцин тариулсан болох нь тогтоогджээ. Уг хуурамч вакцин нь хүмүүсийн эрүүл мэндэд хохирол учруулаагүй хэдий ч үхлийн аюултай цар тахлын эсрэг дархлаа тогтоохгүй юм. Мексикийн Засгийн газрын төлөөлөгч Хюго Лопес-Гателлын мэдээлснээр сэжигтнүүд энэхүү хуурамч вакциныг олон нийтийн сүлжээгээр дамжуулан зарж байсан аж.
Үүнийг орон нутгийн кибер цагдаа нар илрүүлэн, хэд хэдэн хүнийг баривчилсан байна. Хууль бус наймаачид албан ёсны бус вакцинуудыг шар айргийн хөргөгчид хадгалж байсан бөгөөд албаныхан зохиомол серийн дугаар, хүчинтэй хугацаа зэргээр нь хуурамч гэдгийг нь тогтоожээ.
Харин Польш улсаас хураан авсан хуурамч вакцины найрлагаас үрчлээний эсрэг тосонд ашигладаг гоо сайхны бодис илэрсэн байна. "Pfizer" компани нь эдгээр вакциныг шинжилж үзэхэд тус эм үйлдвэрлэгчийн "BioNTech"-тэй хамтран боловсруулсан коронавирусийн эсрэг вакцин биш болох нь батлагджээ.
Эх сурвалж: AFP