Коронавирусийн цар тахал дэгдсэнээс хойш дэлхий даяарх хэвлэлийн эрх чөлөөний нөхцөл байдал эрс муудсан гэдгийг "Хил хязгааргүй сурвалжлагчид" олон улсын байгууллагаас энэ оны ээлжит тайландаа дурджээ.
Тус бүлгээс гаргасан 2021 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шинэ индекст дэлхийн 180 орныг жагсаасан бөгөөд эдгээр улс орнуудын 73 хувь нь хэвлэл мэдээллийн эрх чөлөөтэй холбоотой ноцтой асуудалтай тулгардаг болох нь тогтоогджээ.
Улс орнуудын эрх баригчид цар тахлыг ашиглан, сэтгүүлчдийн мэдээлэл, эх сурвалжид нэвтрэх эрхийг хаах үндэслэл болгосон гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Энэхүү явдал нь Ази, Ойрх Дорнод болон Европт илүү их тохиолдож байгаа аж.
"Хил хязгааргүй сурвалжлагчид"-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кристоф Делуар "Сэтгүүл зүй бол худал мэдээллээс хамгаалах хамгийн сайн вакцин юм. Харамсалтай нь сэтгүүл зүйн үйл ажиллагаа, түгээлтийг улс төр, эдийн засаг, технологи, бүр соёлын хүчин зүйлүүд хааж боосоор байдаг" хэмээн тэмдэглэжээ.
Мөн иргэд, олон нийтийн зүгээс сэтгүүл зүйд итгэх итгэл буурснаас үүдэн асуудал улам томорсон байна. Тус бүлгээс 28 улсад явуулсан санал асуулгад оролцсон хүмүүсийн 59 хувь нь сэтгүүлчид "Худал мэдээлэл гэдгийг нь мэдсээр байж зориуд олон нийтийг төөрөгдүүлэхийг оролддог" хэмээн үзэж байжээ.
2021 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексийг Норвеги улс тэргүүлсэн бол Монгол Улс нийт 180 орноос 68-т жагссан байна. Өмнө нь 2020 онд Монгол Улс 73-т бичигдэж байсан билээ.
Эх сурвалж: Associated Press
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.