АНУ-ын “Foreign Lobby” группын албан ёсны сайтад УИХ-ын гишүүн, АН-ын дарга Ц.Туваан АНУ-ын DCI гэх лобби байгууллагатай 50 мянган ам.долларын гэрээ байгуулсан талаарх мэдээлэл гарчээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгууль ирэх зургаадугаар сарын 9-нд болно. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн, АН-ын дэд дарга Ц.Туваан гарын үсэг зурж, Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн өмнө Ерөнхийлөгч Х.Баттулгын намыг “Монголын ардчиллын авангард” болгон сурталчлах зорилгоор Вашингтоны лоббигийн DCI группийг хөлсөлсөн гэх баримт ийнхүү ил болоод байна. Тодруулбал, гэрээг энэ сарын 18-наас зургаадугаар сарын 12-ныг хүртэл хийжээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг дараах байр суурийг илэрхийллээ. Тэрбээр “УИХ-ын гишүүн АН-ын даргын үүргийг гүйцэтгэгч Ц.Туваан 50 мянга битгий хэл 5 ам.долларын ч гэрээ хийгээгүй гэж мэдэгдлээ. Үүнийг АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчийн хувьд хариуцлагатай мэдэгдэл гэж бодож байна. Тэгвэл олон улсын хэвлэлээр ийм мэдээ гаргаж байна гэдэг Монгол Улсын улс төрийн намын дотоод хэрэгт оролцож байна. Цаашлаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөх гэсэн оролдлого гэж харж байна. Бие даасан улсын үндэсний аюулгүй байдалд ноцтой асуудал үүсгэж байгаа учир анхаарлаас гадуур орхиж болохгүй” гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.