Италийн нэгэн эмнэлгийн ажилтан 15 жилийн турш ажлаа тасалсан хэдий ч цалингаа бүтэн авч байсан нь ил болсон талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.
Сэжигтэн эрэгтэй нь Италийн өмнөд нутгийн Катанзаро хотын "Ciaccio" эмнэлэгт ажилладаг байсан бөгөөд 2005 оноос хойш ажилдаа ирэхээ больсон байна. Энэ бүх жилүүдэд тэрээр 538,000 евро буюу ойролцоогоор 648,000 ам.долларын цалин авсан гэх мэдээлэл байгаа юм.
Албаныхан одоо түүнийг залилан, сүрдүүлэг болон албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр шалгаж байгаа бөгөөд мөн тус эмнэлгийн зургаан менежерийг ажлын хариуцлага алдсан хэргээр шалгаж байгаа аж.
Баривчлагдсан эрэгтэй нь төрийн албан хаагч байсан бөгөөд 2005 онд "Ciaccio" эмнэлэгт ажиллахаар томилогдсон хэдий ч удалгүй ажилдаа ирэхээ больсон байна. Тухайн үед тэрээр менежерээ сүрдүүлэн, түүнийг ажлаа тасалж байгааг мэдүүлэхээс сэргийлсэн гэж мөрдөн байцаагчид үзэж байгаа юм.
Тус менежер нь удалгүй тэтгэвэртээ гарсан бөгөөд түүний албан тушаалд очсон дараа дараагийн менежерүүд болон хүний нөөцийн ажилтнууд ажлаа тасалсаар байсан ажилтныг анзаараагүй байна.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.