БНХАУ-ын дарга Ши Жиньпин Боаогийн Азийн чуулган дээр видео бичлэг илгээн мэндчилгээ дэвшүүлж, үг хэлсэн байна. Ингэхдээ АНУ-д хандаж бусад улс орнуудыг даргалан захирах үйлдлээ зогсоохыг шаарджээ.
Түүний үзэж байгаагаар АНУ-ын удирдлагаар дэлхий даяар Хятадын эсрэг үзэл түгж байна. Тиймээс цар тахалтай тэмцэж, эдийн засгаа эргэн сэргээхэд дэлхийн улс орнуудын нээлттэй үйл ажиллагаа чухал гэдгийг онцолсон байна.
Ши Жиньпин хэлэхдээ “хана босгох болон салган тусгаарлах оролдлого нь зах зээлийн зарчим, эдийн засгийн хуультай харшилдана. Тэд бусдын ашиг сонирхолд халдаж байна. Бид нэг болон цөөн хэдэн улс бусдыг журамлан удирдахыг болиулах ёстой. Том улсууд өөрсдийн байр сууринд тохирсон илүү мэдрэмж, хариуцлагатай байх хэрэгтэй. Бусдын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох, бусдыг даргалах гэсэн оролдлогыг өөгшүүлж болохгүй” гэжээ.
Хэдийгээр Хятадын дарга уг мэдэгдэлдээ ямар нэг улс орны нэрийг шууд хэлээгүй боловч ойрын саруудад цар тахал, Шинжаан Уйгур болон Тайваний асуудалтай холбоотойгоор дарамт шахалт ихэссэн тул АНУ-ыг онцолсон гэж эх сурвалж мэдээлсэн байна.
Боаогийн Азийн форумд Ази тивийн төдийгүй Америкийн шилдэг бизнес эрхлэгчид, гүйцэтгэх захирлууд, санхүү эдийн засгийн салбарын төлөөлөгчид, улс төрийн удирдагчид хэдэн мянгаараа уригдан оролцдог уламжлалтай. Цар тахлын нөхцөл байдал хүнд байгаагаас шалтгаалж энэ жил цахим хэлбэртэй явагдсан ба цар тахлын дараа дэлхийн эдийн засгийг сэргээх нь гол сэдвүүдийн нэг болж байна.
Нөгөө талаас Хятад Азийн соёл иргэншлийн яриа хэлэлцээрийг хоёр дахиа зохион байгуулж хөрш орнуудтайгаа хамтын ажиллагаагаа сайжруулах алхам хийхээр бэлдэж байгаа гэдгийг Ши Жиньпин мэдэгдсэн. Уг яриа хэлэлцээр хамгийн анх 2019 онд болж Азийн 40 гаруй улсын төлөөлөгч оролцож байсан юм. Мөн Хятад нь Орос болон Иран улсуудтай хамтын ажиллагаа сайжруулах алхмуудыг хийж байгаа. Орос, Хятадын Гадаад хэргийн сайд нар иж бүрэн стратегийн түншлэлийг сайжруулах амлалт өгсөн бол Хятад, Иран улсууд ирэх 25 жилийн хугацаанд эдийн засаг, аюулгүй байдлын салбарт түншлэх гэрээ хэлэлцээрт өнгөрсөн сард гарын үсэг зурсан юм.
Ши Жиньпиний Боаогийн Азийн форум дээр хэлсэн үгнээс анхаарал татаж байсан өөр нэг зүйл бол дэлхийн цаг уурын өөрчлөлтийн эсрэг хамтын ажиллагааг уриалан, Парисын цаг уурын хэлэлцээрийг хэрэгжүүлэхийн тулд илүү хүчин чармайлт гаргахаа мэдэгдсэн явдал байлаа. Даваа гарагт тэрээр Герман, Франц улсуудын удирдагчидтай дээд хэмжээний видео уулзалт хийн цаг уурын өөрчлөлттэй тэмцэхэд хамтран ажиллахаа хэлсэн юм. Түүнчлэн пүрэв, баасан гарагуудад АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены удирдах цаг уурын өөрчлөлтийн эсрэг дээд хэмжээний видео урилгыг Ши Жиньпин хүлээж авсан гэж зарим эх сурвалж мэдээлж байна.
Дэлхийн цаг уурын өөрчлөлт, дулаарал зэрэгт БНХАУ-ын нүүрсээр галладаг үйлдвэр, станцууд хамгийн их хувь нэмэр оруулж байна гэж буруутгасаар ирсэн юм.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.