Төв Африкийн далайд гарцгүй Чад улсын Ерөнхийлөгчөөр 30 орчим жил ажилласан 70 настай Идрисс Деби тулааны талбайд хүнд шархдан, улмаар таалал төгссөн болохыг армийн эх сурвалж мягмар гарагт мэдээлжээ.
Армийн төлөөлөгч Азем Бермендо Агуна төрийн мэдлийн сувгаар дамжуулан “умард Африк дахь исламын хэт даврагсдыг дарахын тулд удаан хугацаанд хүчин чармайлт гаргасаар ирсэн Ерөнхийлөгч Деби тэргүүн фронтод байлдаж яваад авсан шархныхаа улмаас таалал төгслөө” гэжээ. Харин Reuters агентлагийн мэдээлснээр 1990-ээд оноос хойш удаан хугацаанд төрийн эрх барьсан Ерөнхийлөгч улсынхаа умард хэсэгт зэвсэгт этгээдүүдтэй байлдаж байгаа цэргүүд дээрээ зочлохдоо шархадсан байна. Шархадсаныхаа дараа зугтааж байгаад амиа алдсан гэжээ.
Идрисс Деби амь насаа алдахаас ердөө ганц хоногийн өмнө зургаа дахь удаагаа дараалан сонгуульд ялалт байгуулж, төрийн эрхийг үргэлжлүүлэн барихаа мэдэгдсэн юм. Энэ сарын эхэнд Чад улсад болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар тэрээр дахин ялалт байгуулаад байжээ.
Чадын Эв найрамдал болон өөрчлөлтийн фронт бүлгийн зэвсэгт этгээдүүд 2016 оноос хойш Дебийг төрийн тэргүүний суудлаас хөөхийг эрмэлзэж, дайн тулаан, цус асгаруулсан зэвсэгт мөргөлдөөнийг эхлүүлсэн юм.
Армийн төлөөлөгч Агунагийн мэдээлснээр шилжилтийн үеийн Засгийн газрын үед Ерөнхийлөгчийн үүргийг Дебийн хүү генерал Махамат Кака гүйцэтгэх ажээ. Арми 14 хоногийн хугацаанд үндэсний хэмжээнд гашуудал зарлаж, шөнийн цагаар хөл хорих боллоо. Дараагийн шийд гарах хүртэл агаарын болон газрын хилийг хаахаар болсон байна.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.