Шинэ Зеланд, Австрали улсууд коронавируст цар тахлын үед хаалттай байсан хилээ нээж, харилцан нислэг үйлдэж эхэлсэн. Хил нээснээс нэг хоногийн дараа Шинэ Зеландын Оклэндын нисэх буудлын ажилтнаас Ковид-19 илэрчээ.
Уг ажилтан зорчигчдын хөдөлгөөнтэй ямар нэг байдлаар холбоогүй тул нислэгийг зогсоох шаардлагагүй гэж үзсэн байна. Энэ даваа гарагаас жил гаруйн дараа хоёр улс анх удаа харилцан нислэг үйлдэж эхэлсэн юм.
Шинэ Зеландын Ерөнхий сайд Жакинда Ардерны мэдэгдсэнээр халдвар авсан ажилтан коронавирусийн өндөр эрсдэлтэй улсуудаас ирсэн онгоцуудыг цэвэрлэж байжээ. Түүнчлэн нисэх буудлын ажилтнууд төдийгүй халдвар авсан ажилтан коронавирусийн эсрэг хоёр тун вакцинд хамрагдсан байсан гэдгийг онцолсон байна.
Энэ нь коронавирусийн вакцин хийлгэсэн тохиолдолд халдвар огт авахгүй гэсэн үг биш, харин халдвар авсан тохиолдолд хүндээр өвчлөх, нас барах эрсдэлээс сэргийлж байгаа гэдгийг анхааруулжээ.
Ардерн Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисонтой холбогдоогүй байгаа ч хил нээгдэх үед халдварын тохиолдол илрэхэд бэлтгэлтэй байсан гэдгийг нэмж хэлсэн байна. Тиймээс хилээ дахин хаах нөхцөл байдал үүсэхгүй гэжээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.