ХБНГУ-ын Бавари болон Норт Рейн Вестфали мужууд хамтран “Эрчүүдийн хүчирхийллийн эсрэг” тусламжийн утас ажиллуулаад жилийн хугацаа өнгөрчээ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд тусламжийн утсанд хүчирхийлэлд өртсөн 1,800 эрэгтэй дуудлага өгсөн байна. Тиймээс эрх баригчид уг тусламжийн утасны сүлжээг уртасгасан цагаар ажиллуулахаар шийдвэрлэжээ.
Герман улсад анх удаа хүчирхийлэлд өртөж буй эрчүүдэд зориулсан тусламжийн утас ажиллуулсан нь энэ юм байна. Утсаар дуудлага авахаас гадна олон нийтийн цахим сүлжээнд эрчүүдийн хүчирхийллийн эсрэг аян өрнүүлж, уриалга гаргахаа эрх баригчид даваа гарагт мэдэгджээ.
Хамгийн анх Бавари болон Норт Рейн Вестфали мужууд уг төслийг санаачлан хэрэгжүүлсэн боловч улс орны өнцөг булан бүрт хүчирхийлэлд өртөж буй эрчүүдийн тоо тооцоолж байснаас өндөр гарсан байна. Тиймээс холбооны бусад мужуудад тусламжийн утас ажиллуулж, аян өрнүүлэхээр бэлдэж байна. Баруун өмнөд нутгийн Баден Вюртемберг муж нэн түрүүнд нэгдэхээ мэдэгджээ.
Тус мужийн Нийгмийн асуудал хариуцсан сайд Манне Луча энэ төрлийн гэмт үйлдлийг олон нийтийн өмнө ил болгох ёстой гэж үзсэн байна. Ихэвчлэн эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл нийгэмд түгээмэл ил тод байдаг боловч эрчүүдийн эсрэг хүчирхийлэл нуугдмал, далд шинжтэй оршдог. Эрчүүд хүчирхийлэлд өртсөн ч тэр бүр тусламж хүсээд байдаггүй тул шударга бус, айдастай орчинд хүчирхийлэлд түгээмэл өртдөг байна.
Тиймээс эрчүүдийн хүчирхийлэл нийгмийн харилцаан дахь цоорхой болсоор ирсэн ч тэдний төлөө төдийлөн ахиц дэвшилтэй алхам хийгддэггүй гэж Германы эрх баригчид үзсэн байна.
Жилийн турш эрчүүдэд туслах тусламжийн утсанд нийт 1,825 дуудлага ирсэн гэдэг нь хоногт дунджаар 6-9 дуудлага юм. Эдгээр дуудлагын 35 хувь нь хамгийн их хүн амтай Норт Рейн Вестфали мужид, 18 хувь нь Бавари мужаас ирсэн бол үлдсэн нь Германы үлдсэн 14 мужаас иржээ.
Нарийвчлан судалбал нийт дуудлагын дийлэнх нь буюу ¾ нь 51-ээс доош насныхан, 53 хувь нь биеийн болон бэлгийн дарамтад өртсөн, 85 хувь нь сэтгэлзүйн хүчирхийлэлд орсон, 70 хувь нь хурц хэлбэрийн хүчирхийллийн хохирогч болсон байжээ.
Түүнчлэн дуудлага өгсөн эрчүүдийн дийлэнх нь өмнөх болон одоо амьдарч байгаа хамтрагчдынхаа хүчирхийлэлд өртсөнөө хэлжээ.
Эх сурвалж: DW news
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.