Кубын Коммунист нам дараагийн удирдагчаа зарлалаа. 2018 онд Куба улсын Ерөнхийлөгчийн халааг Раул Кастрогоос залгамжилж авсан Мигуэль Диаз Канел Коммунист намын нэгдүгээр нарийн бичгийн даргаар тодорсон байна.
Энэ нь 1959 оны Кубын хувьсгалаас хойш тус улс Кастрогийн гэр бүлээс өөр хүнээр бүрэн засаглуулж, удирдуулж буй үйл явдал болж байна. Диаз Канел нь ах дүү Кастро болон тэдний эдийн засгийн бодлогыг үнэнчээр даган мөрддөг эрхэм гэж ажиглагчид дүгнэдэг.
Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Коммунист намын удирдагч Раул Кастро намын удирдах албан тушаалаа дараагийн шинэ залуу үедээ шилжүүлэн өгөхөөр болсон тухайгаа мэдэгдсэн. Гэхдээ Ерөнхийлөгч Диаз Канел намын нэгдүгээр нарийн бичгийн дарга болно гэдгийг албан ёсоор зарлаагүй байсан юм.
Раул 90 нас хүрч байгаа бөгөөд Диаз Канел түүнээс 30 насаар дүү буюу 60 настай байна. Раул 2008 онд өөрийн ах Фидель Кастрогоос Ерөнхийлөгчийн албан тушаалыг, 2011 онд намын эрх мэдлийг шилжүүлэн авсан юм.
Мигуэль Диаз Канел нь Кубын хувьсгалын он жилүүдэд төрсөн, Кастрогийн гэр бүлтэй ойр дотно холбоотой. Ердөө 20 настай байхдаа Санта Клара хотын Залуу коммунистуудын холбооны гишүүн болсноор улс төрийн гараагаа тавьсан байна. 2009 онд Боловсролын сайдын албан тушаалд томилогдож улс төрийн өндөр дээд алба хаших болжээ. 2013 онд дэд Ерөнхийлөгч, 2018 онд Ерөнхийлөгчөөр Үндэсний Ассамблейн 99 хувийн саналаар сонгогдсон юм.
Диаз Канелын улс төрийн бодлого нь Умард Солонгос, Хятад, Орос, Боливи, Венесуэл улсуудтай холбоо харилцаа сайтай байхыг эрхэмлэдэг. Кубын бүрэн эрхт байдал, Кастрогийн ах дүүсийн үзэл, зарчмыг хамгаалдаг. Сүүлийн хэдэн арван жил эдийн засгийн гүн хямралд орсон улс орны удирдлагыг бүрэн шилжүүлэн авч, хүндхэн сорилтой нүүр тулж байна.
АНУ-ын Ерөнхийлөгчөөр Дональд Трамп ажиллаж байх үед санхүүгийн хатуу хориг арга хэмжээтэй тулгарсан Кубын эдийн засаг Ковид-19 цар тахлын үеэр улам бүр дордож, өнгөрсөн жил 11 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Харин Жо Байден сонгогдсоноор Куба-Америкийн харилцаа эргэн сайжирна гэдэгт Диаз Канел итгэлтэй байна.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.