Их Британийн ханхүү, Эдинбургийн гүн агсан Филипийн оршуулга өнгөрсөн бямба гарагт болсон билээ. Ковид-19 цар тахлаас үүдэн оршуулганд ойр дотны ердөө 30 хүн оролцсон юм. Ханхүүгийн оршуулгын шууд дамжуулалтыг Их Британи даяар 13 сая гаруй иргэн үзсэн гэж мэдээлжээ.
Оршуулга дээр хатан хаан Элизабет 73 жил хамт амьдарсан нөхрөө алдсанаас хойш анх удаа олон нийтийн өмнө гарсан. Хатан хаан амны хаалт зүүж, ганцаараа суун гашууджээ.
2002 онд хатан хааны эх хатан Элизабетийг таалал төгсөх үед оршуулгыг нь 10,4 сая хүн үзсэн байдаг бол 1997 онд Уэльсийн гүнж Дианаг таалал төгссөний дараа 32 сая хүн оршуулгыг нь шууд үзсэн байдаг ажээ.
Ханхүү Филип амьд ахуй цагтаа олон нийтийн арга хэмжээнд оролцохдоо үргэлж эхнэрийнхээ ард хоёр алхмын зайтай явдаг байсан юм. Харин оршуулган дээр хатан хааны Bentley загварын машин Филипийн шарилыг ачсан Land Rover оршуулгын тэргийн ард дагаж явжээ.
Хатан хааны гэр бүлийн бусад гишүүд оршуулгын хөсгийг даган алхсан юм. Оршуулганд Сассексын гүн Харри Калифорниас ирж оролцсон. Тэрээр жил гаруйн дараа гэр бүлийнхэнтэй уулзаж байгаа юм. Энэ дашрамд дурдахад энэ лхагва гарагт хатан хааны 95 насны төрсөн өдөр тохионо.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.