Арабын хувьсгалын шуурга Сири улсад эхэлж, 10 жил үргэлжилж байгаа дайн самуун, цуст мөргөлдөөн, эмх замбараагүй байдлын үед сонгууль явуулахаар товложээ.
Сири улсад ирэх тавдугаар сард Ерөнхийлөгчийн сонгууль явуулахаар тогтсоныг Парламент мэдэгджээ. Парламент болон Засгийн газарт Ерөнхийлөгчийг дэмжигчид давуу эрхтэй хэвээр тул одоогийн төрийн тэргүүн Башар аль Ассад өрсөлдөгчгүй ялна гэж сөрөг хүчнийхэн үзэж байна.
Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Сирийн ард түмний тэн хагасаас илүү нь орон гэрээ орхин дүрвэж, 400,000 хүн нас барсан юм. Олон жил үргэлжилсэн хямралын эцэст Засгийн газар дийлэнх хяналтыг гартаа авсан.
Дараагийн долоон жил улсыг удирдах Ерөнхийлөгчийн сонгууль тавдугаар сарын 26-ны өдөр болох юм байна. Энэ удаагийн сонгуульд Сириэс гадна амьдарч байгаа ард иргэд тавдугаар сарын 20-ны өдөр саналаа өгөх боломжтой. Мөн өнөөдрийн даваа гарагаас нэр дэвшигчдийг бүртгэж эхэлнэ.
Арабын хувьсгалын шуурга, иргэний дайны он жилүүдэд Сири улс хоёр дахиа Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулж байна. Өмнө нь 2014 онд сонгууль явуулж Ерөнхийлөгч Башар аль Ассад 92 хувийн саналаар ялсан боловч АНУ, ЕХ, Сирийн сөрөг хүчин уг санал хураалтыг ардчилсан бус, хууль бус сонгууль болсон гэж үзсэн.
Одоогоор Сири улс эдийн засгийн гүн хямралд орж, хүнсний бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадсан, мөнгөн тэмдэгтийн ханш унасан нөхцөл байдалтай байгаа нь барууны хүчний тавьсан хориг арга хэмжээнээс үүдэлтэй гэж засгийн эрх баригчид буруутгаж байна. НҮБ-ын Сири дэх тусгай төлөөлөгч Гер Педерсен өнгөрсөн сард өгсөн ярилцлагадаа улс даяар гал зогсоох нь маш бага боломжтой гэдгийг сануулсан. Хэрэв яаралтай гал зогсоохгүй бол дахин 10 жил цуст мөргөлдөөн үргэлжилнэ гэдгийг тэрээр анхааруулжээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.