ХӨСҮТ-ийн эмч нар өөрсдийн хамаарал бүхий хүмүүсийн PCR шинжилгээний хариуг өөрчлөн гаргадаг, “Гэрэгэ систем”-ийн ажилтнуудад хүсэлт тавьж 50000 орчмыг өөрчилсөн гэсэн мэдээлэл өнгөрсөн амралтын өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр цацагдлаа.
Үүнтэй холбоотойгоор “Гэрэгэ системс” ХХК-ийнхан “Шинжилгээний хариуг шивэх, өөрчлөх эрх зөвхөн ХӨСҮТ болон бусад лабораторийн эмч нарт байдаг ба хариугаа буруу оруулсан, шинжилгээ өгсөн хүний нэр, утасны дугаарыг буруу шивсэн тохиолдолд оруулсан мэдээллээ өөрчлөх явдал байдаг. Шинжилгээний хариу гаргах болон өөрчлөх үйл явцад “Гэрэгэ системс” ХХК-ийнхан огт оролцдоггүй, зөвхөн шинжилгээ хийсэн эмч хариуг системд оруулдаг” хэмээн мэдэгдсэн.
Цагдаа, тагнуулын байгууллагын эх сурвалжуудын мэдээлснээр УОК-ын дэргэд хяналт шалгалтын тусгай баг ажиллаж буй бөгөөд тэр ЭЦА-нд байрлан шинжилгээний хариу зөрүүтэй гардаг, өөрчилдөг, эмч, эмнэлгийн ажилтнууд албан тушаалаа урвуулсан байж болзошгүй гэх зэрэг мэдээллийг нарийвчлан шалгаж байгаа юм билээ. Энэ хүрээнд ХӨСҮТ-ийн ажилтнууд шинжилгээний хариу өөрчилдөг байж болзошгүй тохиолдлуудыг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж буй аж. Гэхдээ 50000 орчим хүний хариуг өөрчилсөн гэдэг нь үндэслэлгүй, шалгалт дуусаагүй учраас тоог нарийвчлан хэлэх боломжгүйг ч онцолсон.
Харин өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр дээрх тусгай багийнхан ХӨСҮТ, УНТЭ зэрэг байгууллагад шалгалт хийж, эрх мэдлээ урвуулсан байж болзошгүй хэд хэдэн үйлдлийг илрүүлэн шалгаж буй аж. Тухайлбал, УНТЭ-ийн нэр бүхий албан тушаалтан нь зорилтот бүлгийн иргэдэд “Ковид-19”-өөс урьдчилан сэргийлэхийн тулд тарих ёстой “Pfizer” вакциныг хамаарал бүхий нэлээд олон хүнд хийсэн байж болзошгүй хэмээн шалгаж эхэлсэн гэнэ. Хэдийгээр УНТЭ-ийнхэн эл мэдээллийг үндэслэлгүй хэмээн мэдэгдэл гаргасан ч баттай эх сурвалжууд “Нэр бүхий албан тушаалтныг шалгаж байгаа нь үнэн” хэмээсэн юм.
Түүнчлэн улсын төсвийн хөрөнгө болон гадаадын хандивлагчдын тусламжаар Монгол Улсад нийлүүлсэн, “Ковид-19”-ийн халдварыг илрүүлэх PCR шинжилгээний оношлуурыг хувийн байгууллагуудад худалдан, мөнгийг нь завшсан байж болзошгүй гэх мэдээллийг нарийвчлан шалгаж байна. Уг оношлууруудыг худалдан борлуулж, ашиг олох ёсгүй байхад эрүүл мэндийн байгууллагын зарим албан тушаалтан ийм зохисгүй үйлдэл гаргасан асуудлыг тагнуул, цагдаагийн байгууллагын ажлын хэсгийнхэн нягталж буй гэнэ.
Эх сурвалж: "ӨНӨӨДӨР" сонин
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.