Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын ээлжит мэдээллээ хүргэлээ.
Өнгөрсөн 24 цагийн байдлаар улсын хэмжээнд коронавирусийн 1107 шинэ тохиолдол бүртгэгдэж, зургаан хүн нас баржээ. Улаанбаатар хотод 1020, орон нутагт 87 тохиолдол илэрсэн байна. Харин, 406 иргэн эдгэрч, эмнэлгээс гарчээ.
Одоо хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн 723 биеийн байдал хүндэвтэр байгаа талаар мэдээлэл өглөө. Уушги орлуулах аппаратан дээр ажиллах боловсон хүчин дутмаг байгаа талаар ЭМЯ-ны газрын дарга Б.Буянтогтох мэдээлэв.
Нас барсан зургаан иргэний хувьд тав нь нэн хүнд хэлбэрээр өвдөж нас барсан. Нэг нь Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэгт амьсгал хураажээ.
Иймд, иргэдийг онцын шаардлагагүй бол гадуур явахгүй байхыг анхааруулав. Учир нь "Коронавирус таны дэргэд байна шүү" хэмээн газрын дарга Б.Буянтогтох өгүүлэв.
Хөл хориог сунгах талаар одоогоор яригдаагүй ч "28 хоног хөл хорьж байж тодорхой үр дүн гарна. 14 хоног хөл хорьсноор голомтыг тодорхой түвшинд бууруулахаас хангалттай хэмжээнд хумьж чадахгүй" гэдгээ ЭМЯ-ны эх сурвалж хэллээ.