АНУ Афганистан дахь Талибаны зэвсэгт бүлэгтэй 2001 оны есдүгээр сарын 11-ний өдөр Нью-Йоркийн ихэр цамхаг, Пентагон террорист халдлагад өртсөний дараа дайн эхлүүлж байсан юм. Үүнээс хойш хэдийнээ 20 жил өнгөрчээ. АНУ-ын Ерөнхийлөгч Жое Байден Цагаан ордноос лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ улсынхаа түүхэнд хамгийн удаан хугацаанд үргэлжилсэн дайныг дуусгах цаг ирсэн гэдгийг онцлон тэдэглэсэн байна. Мөн цэргүүдээ энэ есдүгээр сарын 11-ний дотор бүрэн эргүүлэн татах ч Афганистаны Засгийн газрыг үргэлжлүүлэн дэмжинэ гэдгээ мэдэгдэв.
АНУ-ын Ерөнхийлөгч Жое Байден:
"Бид Афганистанд цэргийн хүчээ үргэлжлүүлэн нэмж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх боложгүй. Цэргийн хүчээ эргүүлэн татсанаар үр дүн өөрчлөгдөнө гэж найдаж байна. Цэрэг армийн салбарт Афганистантай холбоогүй болох ч бидний байгуулсан дипломат харилцаа, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа хэвээр үлдэнэ. 20 жилийн өмнө аймшигт халдлага гарсан учир бид Афганистан руу хөдөлсөн. Харин 2021 он хүртэл ямар шалтгаанаар тэнд үлдэх хэрэгтэй байсныг тайлбарлах аргагүй. Бид хүнд сорилттой тулгарсан. Манай цэргүүд хэдийнээ үүргээ гүйцэтгэсэн. Тэдний эцэг эх, гэр бүл ч мөн дайнд орсон мэт цаг хугацааг туулсан. Есдүгээр сарын 11-ний халдлага гарах үед төрж амжаагүй байсан цэргийн алба хаагчид ч Афганистан үүрэг гүйцэтгэсэн юм"
Жо Байден Афганистаны дайны он жилүүдийг туулсан АНУ-ын дөрөв дэх Ерөнхийлөгч юм. Тэр ихэр цамхаг руу дайрсан террорист халдлагын хохирогчдод гүн эмгэнэл илэрхийлсэн билээ. Афганистаны дайнд АНУ 2,488 цэргийн алба хаагчаа алджээ.
НАТО-ын Афганистанд үүрэг гүйцэтгэж байгаа 9,600 цэргийн 2,500 нь АНУ-ын цэргүүд юм. Америкийн зэвсэгт хүчин цэргээ бүрэн татах бэлтгэл ажлын хүрээнд Афганистаны эрх баригчид талибанчуудтай энхийн хэлэлцээрээ үргэлжлүүлсээр байна. Гэвч АНУ, НАТО-ын зүгээс Талибан Афганистанд хүч хэрэглэхээ бууруулна гэсэн амлалтдаа хүрч чадаагүй гэж үзэж байгаа юм.
Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани Ерөнхийлөгч Байдентай лхагва гарагт утсаар ярьсан бөгөөд АНУ-ын шийдвэрийг хүндэтгэн үзэж байгаагаа илэрхийлж, ард түмэн улс орноо хамгаалахын тулд Батлан хамгаалах хүчин бүхий л хүчин чадлаа дайчилна гэлээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.