Австралийн Сидней хотын оршин суугчид өөртөө үйлчлэх дэлгүүрээс салатны навчит ургамал худалдаж авчээ. Гэвч тэдний авсан навчны уутан дотроос хортой могойн жижиг зулзага гарч ирсэн байна.
Александр Вайт болон түүний хамтран амьдрагч Эмели Нейт нар Сиднейд байдаг Алди супермаркетаас салатны навч худалдаж авсан байна. Тэдний навчин дундаас аварга том өттэй ижил зүйл гарч ирсэн нь үнэндээ хоплокефалус биторкуатус гэдэг нэртэй хортой могойн зулзага байжээ.
Уг хэвлээр явагч 20 см орчим урт бөгөөд дэлгүүрийн хөргөгчин дотроос авсан навчин дунд тайван нойрсож байжээ. Могойг навчны уутан дотор байгааг дэлгүүрт байхдаа анзааралгүй авч, үүргэвчиндээ хийн 10 минут орчим дугуйгаар явж гэртээ ирээд задалж үзсэнийхээ дараа хос мэджээ.
Мэдсэн даруйдаа зэрлэг амьтныг хамгаалах Вайрес байгууллага руу залгасан байна. Улмаар уг бяцхан могой Австралид тун ховор бөгөөд хортой могойн төрөлд багтдаг гэдгийг мэджээ. Хэрэв могойд хатгуулсан бол бөөлжих, дотор муухайрах, нүд бүрэлзэх, цус алдах, өвчин орох зэрэг шинж тэмдэг илрэх ба нэн даруй эмнэлэг явахыг зөвлөсөн байна. Азаар хос могойд хатгуулаагүй ажээ.
Могойг зэрлэг амьтан хамгаалах байгууллага Алди дэлгүүртэй хамтран ирсэн газар луу нь буцаахаар болсон байна. Тус дэлгүүр салатны навчийг Тувумба хотын ургацын талбайгаас авчирсан байна. Харин могойн зулзага үүрлэж байсан навчийг Александр Вайтын гэрт нь үлдээсэн бөгөөд тэд өдрийн хоолондоо навчит ургамлыг сайтар угаагаад идсэн гэжээ.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.