Япон улсад 2011 онд есөн магнитудын хүчтэй газар хөдлөх үед эртний сүмийн барилга цунамид өртөж, тус сүмд өлгөөтэй байсан зуун жилийн настай цаг зогсчээ. Уг цагийг сүмийн лам авч хадгалсан бөгөөд хоёр сарын өмнө дахин газар хөдөлсний дараа 10 жил ажиллаагүй цаг ажиллаж эхэлсэн байна.
Мияаги мужийн Ямамото тосгон цунамийн давлагаанд өртөх үед Фуминжо сүмд байсан цаг зогсчээ. Уг цагийг Буншун Сакано нэртэй лам эртний эдлэлийн дэлгүүрээс худалдан авч, өөрийн сүмд өлгөсөн байна. Бараг зуун жилийн настай цагийг Сакано олж цэвэрлэн хадгалсан боловч ажиллаагүй аж.
Гэтэл энэ жилийн хоёрдугаар сарын 13-ны өдөр дахин газар хөдлөлтийн чичирхийлэл болж Сакано лам сүмийн барилгаа бүрэн бүтэн байгаа эсэхийг шалгахаар очиход цаг дахин ажиллаж эхэлсэн байжээ. Үүнээс хойш хэдэн сарын хугацаа өнгөрсөн боловч цаг хэвийн ажилласаар байна.
Уг цагийг үйлдвэрлэсэн Seiko брэндийн төлөөлөгч дахин газар хөдөлж цагийг гацаасан тоос шороо унаснаар зүү нь хөдөлж эхэлсэн байж магадгүй хэмээн тайлбарлажээ.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.