АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден энэ жилийн есдүгээр сарын 11-ний өдөр гэхэд Афганистанаас цэргүүдээ бүрэн татахаар болжээ. Өнгөрсөн жил Ерөнхийлөгч асан Дональд Трамп Талибаны талтай хэлэлцээр хийж энэ жилийн тавдугаар сард цэргүүдээ бүрэн татахаа амлаад байсан боловч шинээр сонгогдсон Ерөнхийлөгч уг хэлэлцээрийг баримталсангүй.
Шинээр товлосон өдөр нь Нью-Йоркийн ихэр цамхаг болон Пентагон террорист халдлагад өртсөний 20 жилийн ойн өдөр тохиож байна. 2001 оны есдүгээр сарын 11-ний өдөр дэлхийн нийтийг цочирдуулсан аймшигт террорист халдлага АНУ-д болж байсан юм.
Байден өмнө нь мэдэгдэхдээ тавдугаар сарын 1 гэхэд Афганистанаас цэргүүдээ бүрэн татан авахад хүндрэлтэй гэдгийг хэлж байжээ. Тэрээр лхагва гарагт уг шийдвэрийнхээ тухай өөрийн биеэр албан ёсны мэдэгдэл хийхээр төлөвлөж байна.
Цэргээ бүрэн татах хугацааг хойшлуулсан нь Талибаныхны эсэргүүцэлтэй тулгарч болзошгүй юм. Гэхдээ цэргээ татах хүртэл АНУ-ын цэргүүдийн эсрэг халдлага үйлдвэл Талибан бүрэн хариуцлага хүлээнэ гэсэн заалтыг өнгөрсөн жилийн хэлэлцээрт тусгасан байсан.
Талибаны зүгээс энэ сарын сүүлээр Турк улсад болох дээд хэмжээний уулзалтад оролцохгүй гэдгээ өчигдөр мэдэгдсэн. Гадны хүчин цэргээ бүрэн гаргах хүртэл Афганистаны Засгийн газартай дахин хэлэлцээрийн ширээний ард суухгүй гэжээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.