АНУ-ын Холбооны мөрдөх товчооны ажилтнууд дэлхийн хамгийн том цахим худалдааны сүлжээ Амазоны мэдээлэл технологийн төвийг дэлбэлэх гэж байсан этгээдийг баривчлан саатуулжээ. Хэрэв гэмт этгээд төлөвлөгөөгөө хэрэгжүүлж Амазоны веб серверийн төвийг дэлбэлсэн бол тус цахим сүлжээний хангадаг интернэт холболтын 70 хувь нь унтрах байжээ.
Уг халдлагыг төлөвлөсөн этгээд нь 28 настай Сет Арон Пендли гэгч юм. Тэрээр Холбооны мөрдөх товчооны зүсээ хувилгасан нууц ажилтнаас их хэмжээний хуурамч тэсрэх бодис худалдаж авчээ. Гэмт этгээдийг өргөн хүрээтэй хорлон сүйтгэх ажиллагаа зохион байгуулахыг оролдсон хэрэгт яллах дүгнэлт үйлдэхээр бэлдэж байна. Хэрэв гэм буруутай нь тогтоогдвол 20 хүртэл жилийн хорих ял сонсох ажээ.
Нэрээ нууцалсан иргэн сэжигтэн Пендлигийн цахим сүлжээнд оруулсан нийтлэлийн тухай мэдээлснээр Холбооны мөрдөх товчооны ажилтнууд түүнийг овоо хараандаа оруулж анхаарч эхэлсэн байна. Мөрдөгчдийн олж мэдсэнээр Пендлигийн гол зорилго Амазоны сервер байрладаг 24 барилгыг дэлбэлж сүйрүүлэх байжээ. Цахим худалдааны сүлжээг хангадаг интернэт холболтын 70 хувь нь унтарснаар Амазоны дангаар ноёрхох байдлыг үгүй хийх нь гэмт этгээдийн зорилго байсан гэж таамаглаж байна.
Амазоны веб сервер нь зөвхөн цахим худалдааны сүлжээнээс гадна мэдээ мэдээллийн олон цахим сүлжээ, сервисүүд гээд АНУ-ын орчин цагийн интернэт холболтонд маш чухал үүрэг гүйцэтгэдэг ажээ. Хэрэв халдлагад өртсөн бол олон тооны сайт, сүлжээ доголдох байжээ.
Сет Арон Пендли гэгчийн мэдээллийг судлахад нэгдүгээр сарын 6-ны өдөр Капитол Хиллд болсон халдлага дайралтад оролцохын тулд Техасаас Вашингтонд ирсэн болохыг тогтоосон байна.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.