Говь-Алтай аймгийн Алтай сум дахь хилийн цэргийн ангийн хугацаат цэргийн хоёр алба хаагч нь харуулын даргаа буудаж хөнөөгөөд галт зэвсэг, байлдааны 50 сумтай зугтсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Энэхүү гэмт хэрэгтэй холбоотойгоор ХХЕГ-ын захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга, хошууч генерал Ш.Лхачинжав тайлбар өглөө.
ХХЕГ-ын захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга, хошууч генерал Ш.Лхачинжав:
-Хугацаат цэргийн албан хаагч Х, Н нарын бүрэлдэхүүнтэй хилийн харуулыг харуулын дарга өчигдөр буюу 8-ны 18 цагийн үед шалгах үед, зэвсэг хэрэглэн амь насыг нь хөнөөгөөд, харуулын байраа орхисон явсан хэрэг гарлаа. Говь-Алтай аймгийн цагдаа, тагнуул мөрөөр нь мөшгиж байна. Нэг цэрэг 25 сумтай манаанд гардаг. Нарийвчлан шалгахад хоёр цэрэг нийт 45 сумтай явж байна.
-Харуулын дарга цэргүүдтэй зүй бусаар харьцсанаас энэ хэрэг гарсан эсэх?
-Манаанд цуг гарч байсан хоёр цэрэг анги дээрээ ирж, хэл дуулгасан. Тэр цэргүүдийн ярьснаар харуулын дарга нь шүлэг бичдэг, цэргүүддээ шүлэг уншиж өгдөг, оюунлаг, бусадтай найрсаг харилцдаг гэж мэдүүлсэн. Өнгөрсөн жил зохион байгуулагдсан эх орны сэдэвт шүлгийн уралдаанд дэд байр эзэлж байжээ. Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр нь мөн цэргийн ангид тогооч хийж байсан. Цэргийн анги бүрт сэтгэлзүйч ажилладаг. Тус ангийн сэтгэлзүйчийн өгүүлснээр тэдгээр цэргүүдэд анхаарал татах ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй гэж мэдүүлсэн.
-Аль аймгаас татагдсан цэргүүд вэ?
-Байлдагч Х-гийн хувьд Ховд аймгийн Чандмань сумын харьяат. Ам бүл дөрөв. Ээж, аав, дүүгийн хамт амьдардаг. Байлдагч Н-ийн хувьд Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат. Ам бүл тав. Ээж, аав, дүүгийн хамт амьдардаг. Хоёулаа 2020 оны аравдугаар сард цэрэгт татагдсан, 19 настай залуучууд байна.
Бид нар ар гэрт нь дуулгасан. Энэ мэдээг мэдээж маш хүндээр хүлээн авсан. Яаж холбоо барих, чиглэлийг тогтоох дээр хамтран ажиллаж байгаа.
-Мотоцикль дээрэмдэн цааш зугатсан гэх мэдээлэл байна?
-Хилээс 15км-ийн зайд байрлах Алтай сумын нэгэн айлаас боорцог, гамбир, мотоцикль гуйн авч унаж явсан. Хилээс 50 орчим км-ийн зайд мотоциклийн шатахуун нь дууссан учир орхиод, уул руу орсон чигтэй байна.
-Хилийн цэргийн офицер өөрийгөө боомилсон хэрэг саяхан гарсан. Сүүлийн үед гарч байгаа хэргүүдийг хэрхэн дүгнэж байна вэ?
-Тэр хэргийн тухайд ажлын бус цагаар, гэр бүлийн харилцааны улмаас гарсан хэрэг. Ер нь цэргийн анги нэгтгэлүүдэд сүүлийн арваад жил ёс зүйн зөрчил гараагүй. Учир нь ёс зүйн зөрчил гаргасан албан хаагчтай хатуу арга хэмжээ авч ажилласны үр дүнд энэ төрлийн хэрэг, зөрчил сүүлийн жилүүдэд гараагүй. Энэхүү хэргийн мөрөөр бид шат шатандаа дүгнэлт хийн ажиллаж байна. Хууль, хяналтын байгууллага эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.