Авсралийн судлаачид нохой, мотоцикл, морь аль эсвэл малчид өөрийн биеэр хонь хариулахын оронд дрон буюу нисдэг биет ашиглах нь хамгийн зөв шийдэл болохыг тогтоосон байна. Дрон ашиглаж туух нь хонинд стрессгүй амар хялбар арга гэж үзжээ.
Нисгэгчгүй нисдэг биет ашиглан мал хариулах нь газар тариалан, мал аж ахуй эрхлэгчдэд цоо шинэ арга биш юм. Гэхдээ нисдэг биетээр малаа хариулахын ач тусыг урьд өмнө судалж байгаагүй ажээ.
Канберрагийн их сургуулийн судлаач эрдэмтэн Кэйт Яаксли уламжлалт аргаар хариулахад хонины зүрхний цохилт өндөр, стресс ихтэй гарсан гэжээ. Харин дрон ашиглан хариулахад хонины зүрхний цохилт удаан, тайван байгааг судалж тогтоосон байна. Ингэхдээ зүрхний цохилт мэдрэгч, сонсгол болон харааны чадвар шалгагч суурилуулсан ба хонь дроноор хариулагдаж байхдаа илүү чөлөөтэй хөдөлж байжээ.
Тиймээс судлаач Яаксли фермийн аж ахуй эрхлэгчид амьтдад ээлтэй байхын тулд маллах арга замаа өөрчлөн, технологийн дэвшлийг өргөнөөр нэвтрүүлэхийг уриалсан байна. Уг судалгаа Nature Portfolio сэтгүүлийн хиймэл оюун ухааны судалгааны хэсэгт нийтлэгджээ.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.