ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх 11:00 цагийн ээлжит мэдээллийг хүргэлээ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 12 мянга гаруй хүний сорьцод шинжилгээ хийхэд халдварын 714 шинэ тохиолдол бүртгэгджээ. Улаанбаатарт 630, хөдөө орон нутагт 84 тохиолдол бүртгэгджээ. Нийслэлд шинээр бүртгэгдсэн тохиолдлууд нь хотын төвийн зургаан дүүргийн бүх хороодоос илэрсэн байна. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 13,494 боллоо.
Мөн сүүлийн 24 цагт хугацаанд 382 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан бол нэг хүн нас барсан байна. Харин гэрийн тусгаарлалтад байгаа иргэдээс 40 орчим хүн эдгэрэн, тусгаарлалтаас гарсан аж.
Монгол Улсын 18 аймаг болон Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар нийт 2,560 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Эдгээр иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,
Хөнгөн - 2,017
Хүндэвтэр - 435
Хүнд - 94
Маш хүнд - 14 хүн байгаа юм.
Дээрх тоо нь зөвхөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн тоо үзүүлэлт юм. Үүнээс гадна 2,300 гаруй иргэн хөнгөн хэлбэрээр өвчилж, гэрээр тусгаарлагдан, эмчлүүлж байна.