Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхий сайд Андрей Бабис тус улсын Эрүүл мэндийн сайд Яан Блатниг өнгөрөгч лхагва гарагт албан тушаалаас нь халжээ.
Яан Блатнигийн оронд Прага хотын их сургуулийн эмнэлгийн захирал Петр Аренбергерийг томилсон бөгөөд тэрээр Ерөнхийлөгч Милош Земаны өмнө тангараг өргөсөн байна. Энэхүү алхмын үр дүнд Чех Улс Европын Холбооноос зөвшөөрөл аваагүй байгаа орос, хятад вакциныг ашиглаж болзошгүй нөхцөл байдал үүсэж байгаа юм.
Тус улсын коронавирусийн өвчтөнүүдийг эмчлэх арга хэмжээний хүрээнд туршилтын эмийн хэрэглээнд хатуу хязгаарлалт тавьсан Эрүүл мэндийн сайд Блатниг Ерөнхий сайд Бабис удаа дараа шүүмжилж байсан билээ. Блатни мөн тодорхой зөвшөөрөл аваагүй коронавирусийн вакциныг оруулж ирэхээс татгалзаж байсан бөгөөд зарим эрх баригчид түүний энэ шийдвэрийг эрс эсэргүүцэн, ОХУ ба БНХАУ-ын вакциныг яаралтай хэрэглэхийг дэмжсэн юм.
Гэвч Блатни эдгээр шүүмжлэлийг няцаан, "Би Чехийн иргэдэд зөвхөн аюулгүй, туршигдсан, үр дүнтэй гэдэг нь баталгаатай вакцин хэрэглэхийг зөвшөөрсөн. Коронавирусийн эсрэг эм ч мөн үүнтэй адил. Би шийдвэрээ үргэлж шинжлэх ухааны өгөгдөл, дүн шинжилгээнд үндэслэн гаргасан" хэмээн мэдэгджээ.
Түүний өмнөх Эрүүл мэндийн сайд болох Роман Примула цар тахлын үеийн хорио цээрийн арга хэмжээний хүрээнд хаагдсан байх ёстой ресторанд үйлчлүүлж байгаа зураг нь ил болсны дараа халагдсан юм.
Нийт 10.7 сая хүн амтай Чех Улсад одоог хүртэл 1.65 сая халдварын тохиолдол бүртгэгдэн, 27,329 хүн нас бараад байна.
Эх сурвалж: Associated Press