Колумби Улсын 104 настай эмэгтэй хоёр дахь удаагаа коронавирус тусаад, эдгэрснийхээ дараа эмнэлгээс гарах үеэр эмч, сувилагч нар түүнд баяр хүргэн, алга ташсан байна.
Кармен Эрнандез анх 2020 оны 6 дугаар сард коронавирусийн халдвар авсан бөгөөд Сан Хосе дахь асрамжийн газартаа эмчлүүлэн, эдгэрчээ. Ингээд тэрээр энэ оны 2 дугаар сард вакцин тариулсан боловч 3 дугаар сард дахин халдвар авсан байна.
Энэ удаад Эрнандезыг "Сан Рафаэль" эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт шилжүүлсэн бөгөөд тэрээр 21 хоног хэвтэн эмчлүүлсний эцэст өнгөрөгч даваа гарагт эмнэлгээс гарчээ.
Сан-Хосе дахь асрамжийн газрын сувилагч Жина Гомес "Тэрээр коронавирусийг хоёр дахь удаагаа ялж чадсан нь үнэхээр гайхалтай. Тэр бол өндөр настай өвчтөн хэдий ч маш хүчтэй эмэгтэй. Эхний удаад бид түүнийг асрамжийн газартаа тусгаарласан бол энэ удаад "Сан Рафаэль" эмнэлгийн дэмжлэгийг авлаа. Тэр маш сайн байж, вирусийг ялж чадсанд Бурхандаа талархъя" хэмээн ярьжээ.
Колумби Улсад одоогийн байдлаар "Ковид-19"-ийн 2.47 сая гаруй тохиолдол бүртгэгдэж, 64 мянган хүн нас бараад байгаа юм.
Эх сурвалж: BBC, NowThis News