Өнөөдрөөс 10 орчим хоногийн өмнө гуравдугаар сарын 29-ний өдөр Нью-Йоркийн Манхэттэн дүүрэгт 65 настай ази эмэгтэй халдлагад өртсөн явдал олон улсын анхаарлыг ихэд татсан. Тэгвэл уг эмэгтэйг гадаа гудамжинд цохиулж, өшиглүүлж байхад барилгынхаа хаалгыг хаасан орон сууцны хоёр хаалгачийг ажлаас нь халжээ.
Манхэттэний 43 дугаар гудамжинд байрлах 360 дугаар барилгыг эзэмшдэг компанийн зүгээс ажилтнууд нь ази эмэгтэйд туслах боломжтой байсан гэдгийг мөрдлөг шалгалтын явцад тогтоосон байна. Нэг давхрын бүтэн бичлэгийг үзсэний дараа компанийн удирдах албан тушаалтнуудын сэтгэл ихэд эмзэглэж, хүнлэг бус үйлдэл гаргасан ажилтнууддаа сэтгэл дундуур үлдсэн тул ажлаас нь халах шийдвэр гаргажээ.
Эмэгтэйд халдсан сэжигтэн Брэндон Эллиот баригдсан бөгөөд түүнийг үзэн ядах, ялгаварлан гадуурхах сэдэлтэй хоёр төрлийн гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгаж байна. 38 настай сэжигтэнд зодуулсан ахимаг насны эмэгтэй хүнд бэртэл авч Манхэттэний эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.
Нью-Йоркод өнгөрсөн жилийн эхний дөрвөн сарын хугацаанд азиудыг үзэн ядах, ялгаварлан гадуурхах сэдэлтэй гэмт хэрэг огт бүртгэгдээгүй байсан бол энэ жилийн эхний дөрвөн сарын байдлаар азиудын эсрэг 31 гэмт хэрэг үйлдэгдсэн бүртгэлтэй байна.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ymar muuhai ym be barag uuriinh ni eej shig hun b. a shuu dee manai mongolchuud arai ch ter 2 haalgch shig zan garghgu dee