Этиопын Эйрлайнс компанийн нисэх онгоц Замби улсад газардахдаа эндүүрч, хараахан нээгдээгүй баригдаж байгаа нисэх буудалд газарджээ. Уг нислэг Этиопын Аддис Абаба хотоос ачаа тээвэрлэн Ндолагийн Симон Муанса Капвепве нисэх буудлыг чиглэсэн байжээ.
Гэсэн ч нисэх буудлаа андууран шинээр баригдаж буй Коппербелт олон улсын нисэх буудалд газардсан байна. Азаар ЕТ 3891 дүгээр нислэгийг үйлдсэн ачаа тээврийн онгоц аюулгүй буужээ. Коппербелт олон улсын нисэх буудал нь Симон Муанас Капвепвегээс 21 км зайтай байдаг ажээ.
Онгоцны нисгэгч газардсаныхаа дараа нисэх буудлын хяналттай холбогдоход радарт харагдахгүй байгааг нь хэлжээ. Удалгүй барилгын ажил нь дуусаагүй нисэх буудалд газардсан гэдгээ ойлгосон байна. Уг эндүүрлийг холбогдох хүмүүс нарийвчлан шалгахаар болжээ.
Замби улсын шинэ нисэх буудал 2020 оны аравдугаар сард баригдаж дуусах ёстой байсан боловч цар тахлын улмаас барилгын явц удааширч, энэ жил нээлтээ хийхээр төлөвлөжээ. Барилгын ажил 88 хувьтай явагдаж байгаа бөгөөд нислэгийн зурвас, онгоцны замыг барьж дууссан байна.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.