2021 оны Дэлхийн эрүүл мэндийн өдрийг Илүү шударга, эрүүл дэлхий ертөнцийг бий болгон эрүүл мэндийн тэгш байдлыг хангах уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Монгол Улс Үндсэн хуулиндаа хүн бүр эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй хэмээн хуульчилсан. Хуулийн хэрэгжилтийг ханган хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх зорилгоор анхан шатны тусламж, үйлчилгээг иргэдэд үнэ төлбөргүй үзүүлэх, хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тусламж, үйлчилгээг төрөөс даах, алслагдсан орон нутагт амьдарч байгаа иргэдэд бүсчилсэн байдлаар төрөлжсөн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, иргэдийг эрүүл мэндийнхээ улмаас санхүүгийн эрсдэлд орох явдлыг бууруулах зорилго бүхий эрүүл мэндийн даатгалын тогтолцоог хөгжүүлэх бодлогын баримтлан ажиллаж байна.
Монголд эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс даруй 9,6 жилээр богино насалж, хүн амын нас баралтын 60 гаруй хувийг эрэгтэйчүүд эзэлж байна.
Хүүхдийн эндэгдэл нийслэл хоттой харьцуулахад орон нутагт өндөр, орлогын түвшин багатай иргэд хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ авч чадахгүй байгаа асуудлыг анхаарч ажиллаж эхлээд байна.
Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилт -2030, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт тусгагдсан эрүүл мэндийн зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхдээ тусламж, үйлчилгээнээс “Хэнийг ч орхигдуулахгүй байх”, “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт”-ыг сайжруулахад гол анхаарлаа хандуулан ажиллах болно гэж Эрүүл мэндийн сайд С.Энхболд дурджээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.