Өмнөд Солонгосын эрх баригчид тус улсад хууль бусаар оршин сууж байгаа, зохих бичиг баримтгүй гадаадын иргэдийг коронавирусийн вакцинжуулалтад хамруулах шийдвэр гаргасан гэж эрүүл мэндийн байгууллагууд мэдээлэв.
"Хууль бусаар оршин суугаа гадаадын иргэд БНСУ-ын иргэд болон бусад гадаадын иргэдийн адил журмаар вакцин хийлгэх боломжтой болно. 65 ба түүнээс дээш насны оршин суугчдыг вакцинжуулах ажил эхэлж байгаатай зэрэгцэн бүртгэлгүй гадаадын иргэд энэ сараас эхлэн вакцин тариулах боломжтой" гэж тус улсын дархлаажуулалтын хөтөлбөр хариуцсан албаны төлөөлөгч хэлжээ.
Мөн вакцинжуулалтад хамрагдсан гадаад иргэдийг албадан гаргахгүй гэдгийг тэмдэглэж байгаа юм. Гэвч эрүүл мэндийн байгууллагууд эдгээр иргэдэд вакцинжуулалтын талаар хэрхэн мэдээлэл өгөх нь одоогоор тодорхойгүй байна.
Тус улсын Засгийн газар өмнө нь БНСУ-д гурван сараас дээш хугацаагаар оршин сууж байгаа гадаад хүмүүсийг вакцинжуулах шийдвэр гаргасан хэдий ч үүнд визгүй, эсвэл визний хугацаа нь хэтэрсэн гадаад иргэдийг хамруулах эсэх талаар огт дурдаагүй байсан юм.
Өмнөд Солонгост энэ оны 2 дугаар сарын байдлаар нийт 2.01 сая орчим гадаадын иргэн амьдарч байгаа бөгөөд тэдний 390 мянга орчим буюу 20 хувь нь хүчинтэй визгүй байна.
Эх сурвалж: The Korea Times