АНУ-ын реалити шоуны од Ким Кардашиан Уэст супер баян эрхмүүдийн клубт шинээр элсэн оржээ. Түүний хөрөнгө нэг тэрбум ам.долларт хүрсэн тул Форбес сэтгүүлээс гаргадаг Дэлхийн тэрбумтнуудын жагсаалтад багтсан 2,755 хүний нэг болон бичигдсэн байна.
Ким Кардашиан гоо сайхан нүүр будалтын бүтээгдэхүүн болон хувцас загварын багийнхан, хөрөнгө оруулагчид, Форбес бизнесийн сэтгүүлийн хамт олонд талархал илэрхийлжээ. Форбесын тэрбумтнуудын жагсаалтыг 177 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгээр Амазон цахим худалдааны сүлжээг үүсгэн байгуулагч Жефф Безос тэргүүлсэн хэвээр байгаа юм.
Уг жагсаалтад Ким Кардашианаас гадна АНУ-ын Bumble болзооны аппликейшныг үүсгэн байгуулагч Витни Волф Херд, кино уран бүтээлч Тайлер Перри, казиногийн салбарын бизнес эрхлэгч агсан Шелдон Аделсоны бэлэвсэн эхнэр Мириам Аделсон нар шинээр орсон байна. Түүнчлэн Кардашианы тусдаа амьдарч байгаа нөхөр Кане Уэст 1,8 тэрбум ам.долларын хөрөнгөөр жагсаалтад хэдийнээ багтсан. Харин Ким Кардашианы дүү Кайли Женнер жагсаалтад багтсан байсан ч өнгөрсөн тавдугаар сард хасагдсан юм.
Энэ жил 40 настай Кардашианы хөрөнгө өнгөрсөн 10 дугаар сард тэрбум ам.долларт хүрчээ. Үүнд түүний эрхэлдэг KKW Beauty болон Skims галбиржуулах хувцасны компаниуд ихээхэн хувь нэмрээ оруулсан байна. 2007 онд телевизийн шоугаар олны анхаарлыг татаж байсан тэрээр өдгөө Инстаграмдаа 213 сая, Твиттертээ 68 сая дагагчтай болжээ. Өнгөрсөн хоёрдугаар сард долоон жил хамтран амьдарч, дөрвөн хүүхдийн эцэг эх болсон нөхөр Кане Уэстээсээ салах өргөдлөө өгсөн тухайгаа мэдээлсэн юм.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.