АНУ-ын Калифорни мужийн нэгэн ази эмэгтэй жолоо барьж явах үеэр түүний автомашин руу чулуу шидсэн этгээдийг орон нутгийн цагдаа нар баривчилжээ. Хэрэг гарах үеэр хохирогч эмэгтэйн зургаан настай хүү автомашин дотор байсан аж.
Тус улсад ази гаралтай иргэдийн эсрэг хүчирхийлэл сүүлийн нэг жилд газар авч байгаа бөгөөд Калифорни мужид олны анхаарлыг татсан хэд хэдэн халдлага гараад байгаа билээ.
Хэрэгтэн болох 28 настай Рожер Жанке бүс нутгийн солонгосчууд түүнийг захирах гэж оролдсон хэмээн цагдаа нарт мэдүүлжээ. Хэргийг тодруулбал, Жанке өнгөрөгч 3 дугаар сарын 31-нд нэгэн ази эмэгтэйн автомашин руу хоёр чулуу шидэж, гуперийг нь гэмтээн, урд шилийг нь хагалсан байна. 38 настай хохирогч эмэгтэй ойролцоох цэцэрлэгт хүрээлэн рүү яаралтай очоод, цагдаад дуудлага өгсөн аж.
Рожер Жанке нь иргэний эрхийг зөрчсөн, бусдын эд хөрөнгийг сүйтгэсэн, тээврийн хэрэгсэл рүү эд зүйл шидсэн болон үзэн ядалтын гэмт хэрэгт буруутгагдаж байгаа юм. Тэрээр зургаан жил хүртэлх хугацаагаар хорих ял эдлэх боломжтой. Тэрээр 51,500 ам.долларын батлан даалтад байгаа бөгөөд өөрийгөө гэм буруугүй гэж мэдүүлжээ.
Хэрэг гарсан Фуллертон хотын дүүргийн прокурор Тодд Спитцер "Эмэгтэй хүн хүүхдийнхээ хамт гудамжаар явахдаа өөрийн арьсны өнгөнөөс болж халдлагад өртөх вий гэж санаа зовох ёсгүй. Үзэн ядалтын гэмт хэргүүдийг хуулийн дагуу хатуу шийтгэх нь бүх арьс өнгөөр ялгаварлан гадуурхагчид хүчтэй мессеж илгээж байгаа явдал юм. Манай хотод ч, дэлхийн аль ч өнцөгт үзэн ядалтыг хүлээн зөвшөөрөх орон зай байхгүй" хэмээн мэдэгджээ.
Эх сурвалж: AP
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.