Мьянмарын төрийн эрхийг гартаа авсан цэрэг армийн удирдагчид үндэсний хэмжээний эсэргүүцлийн хөдөлгөөнийг дэмжиж буй алдартнуудын эсрэг кампанит ажлаа эрчимжүүлж, төрийн хэвлэлдээ эрэн сурвалжлагдаж буй олны танил хүмүүсийн жагсаалтыг нийтэлжээ.
Тус улсын "Global New Light of Myanmar" сонинд сүүлийн хоёр өдөрт нийтлэгдсэн жагсаалтад "Төрийн тогтвортой байдалд нөлөөлөх мэдээ тараасан" гэх хэрэгт буруутгагдсан жүжигчид, дуучид болон олон нийтийн сүлжээний оддыг жагсаажээ. Тус гэмт хэргийг үйлдсэн нь батлагдсан тохиолдолд гурван жил хүртэлх хугацаагаар хорих ял оноодог байна.
Сонины нэг хуудсыг тэр чигээр нь хамарсан энэхүү жагсаалтад нийт 20 хүний нэрсийг бичсэн байсан бөгөөд тэдний зураг, төрсөн хот болон "Facebook" хуудсыг нь харуулсан байжээ. Эрх баригчид өнгөрөгч хоёрдугаар сард хэд хэдэн жүжигчин болон кино найруулагчийг баривчилсан бөгөөд өнгөрсөн долоо хоногт армийн хяналтад байдаг "Мявадди" телевизийн сувгаар эрэн сурвалжлагдаж буй хүмүүсийн жагсаалтыг цацсан байна. Одоогийн байдлаар ийм төрлийн жагсаалтад дор хаяж 60 хүн багтаад байгаа юм.
Түүнчлэн эдгээр эрэн сурвалжлагдаж буй оддын бүтээлийг хэвлэн нийтэлж, телевизийн сувгаараа гаргасан агентлагуудад мөн ял шийтгэл онооно гэж тус улсын Мэдээллийн яамнаас анхааруулжээ.
Эх сурвалж: Associated Press
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.