Филиппин улсад коронавируст цар тахлаас сэргийлж хорио цээрийн дэглэмийг хэсэгчлэн тогтоогоод байна. Хөл хорио тогтоосон мужуудын нэг Кавитед дэлгүүрээс ус худалдаж авахын тулд дүрэм журам зөрчсөн эрэгтэй шийтгэлээ даалгүй нас барсан тухай мэдээлжээ.
Даррен Манаог Пенаредондо гэгч өнгөрсөн пүрэв гарагт 18:00 цагийн үед ус худалдаж авахаар гэрээсээ гараад цагдаа нарт баригджээ. Түүнд 300 удаа скуат суулт хийх шийтгэл оноосон байна. Гэвч уг шийтгэлээс болж маргааш нь амьсгал хураасан талаар гэр бүлийнхэн нь хэлжээ.
Лузон арал дээр байдаг Кавите муж нь хатуу хөл хорионы дэглэмд шилжээд байгаа юм. Иргэдийг хатуу хөл хорио зөрчсөн тохиолдолд биеийн биш зөвлөгөө мэдээлэл өгч сануулах байдлаар шийтгэж байгаа гэж Цагдаагийн дарга Марло Солеро мэдэгдсэн. Хэрэв цагдаагийн офицерууд биеэр гүйцэтгэх шийтгэл оноосон нь батлагдвал байж боломгүй, тэвчишгүй үйлдэл гэжээ.
Хохирогчийн төрөл садан Адриан Лучина өөрийн Facebook хуудсанд болсон явдлын талаар бичихдээ ноён Пенаредондо болон бусад дүрэм зөрчсөн хүмүүст 100 удаа скуат суулт зэрэг хийх шийтгэл өгсөн гэжээ. Хэрэв хэн нэг нь шийтгэлээ зэрэг гүйцэтгэж чадалгүй алдсан тохиолдолд дахин давтуулсаар 300 удаа хийлгэжээ. Пенаредондо пүрэв гарагийн оройноос хойш шийтгүүлсээр баасан гарагийн өглөө 06:00 цагт бүх бие нь өвдсөн байдалтай гэртээ ирсэн байна. Улмаар бүтэн өдөржин алхаж чадахгүй мөлхсөн бөгөөд үүнийг жирийн биеийн булгаралт гэж бодож байсан ч гэнэт амьсгалахаа больжээ.
Цагдаа нар уг хэргийг мөрдөн шалгаж эхэлсэн бөгөөд энэ сарын эхэнд Human Rights Watch хүний эрхийн байгууллагаас Филиппин улсад хөл хорио зөрчсөн иргэдийг тамлан зовоох үйлдэл давтагдсаар байгааг сануулсан байна. Тухайлбал нохойн үүрэнд хорих, өдрийн эд халуунд наранд суулгах зэрэг хүнлэг бус үйлдэл олон гаргасан баримтуудыг дэлгэжээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.