Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 25.1-д "Иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсоох, сэргээх тухай шийдвэрийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга гаргана” гэж заасны дагуу иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг зогсоох тухай Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын А/215 тоот тушаал гарчээ.
Уг тушаалд иргэний шилжилт хөдөлгөөнийг 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасны дагуу сонгуулийн дүнг нийтэд мэдээлэх өдрийг дуустал түр зогсоохыг мэдэгдсэн байна.
Иргэний шилжилт хөдөлгөөнийг түр зогсоохтой холбогдуулан орон нутаг дахь Улсын бүртгэлийн газар, хэлтэст зөвлөмж, чиглэл хүргүүлж ажиллахыг, мөн иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд шилжилт хөдөлгөөний бүртгэл хөтлөх улсын бүртгэгчийн эрхийг түр хязгаарлахыг холбогдох албан тушаалтанд тус тус даалгасан байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал авах өдөр 2021 оны 6 дугаар сарын 9-ний өдөр болно.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.