Дубайд тагтан дээр нүцгэн зургаа авахуулсан ОХУ болон Украйнаас ирсэн эмэгтэйчүүдийг олон нийтэд садар самуун сурталчилсан хэргээр баривчлан саатуулжээ. Бүсгүйчүүдийн зургаа авч буй бичлэг өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт олон нийтийн цахим сүлжээнд цацагдсан байна.
Баривчлагдсан хүмүүсийн дунд ОХУ-ын 10 орчим иргэн байгаагаас гадна Украйнаас ирсэн 11 эмэгтэй багтсан ажээ. Арабын Нэгдсэн Эмирт улсын хуулиар олон нийтийн газарт садар самуун сурталчилсан бол зургаан сар хүртэл хорих ял болон 5,000 дирхам буюу 1,000 орчим ам.долларын торгуультай байна.
Украйны консулын алба баривчлагдсан эмэгтэйчүүдтэй уулзахаар төлөвлөсөн байна. Нүцгэн зураг авалтыг Оросын иргэн зохион байгуулсан гэж үзэж байгаа бөгөөд уг эрэгтэйд жил хагасын хорих ял төлөвлөсөн гэж Оросын зарим хэвлэлээр мэдээлжээ.
Исламын шашны хатуу хууль дүрэм хэрэгждэг Арабын Нэгдсэн Эмирт улсад олон нийтийн дунд садар самуун үйлдэл гаргах нь хүнд ялтай гэж Дубайн цагдаагийн газраас мэдээлжээ. Жуулчид байсан ч хууль дүрэм зөрчих ёсгүй гэж үздэг байна.
2017 онд Британийн жуулчин эмэгтэй хараахан гэрлээгүй эртэй дотно харилцаанд орсныхоо төлөө нэг жилийн хорих ял сонсож байжээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.