Зүүн Өмнөд Европын Бүгд Найрамдах Косово Улсын хууль тогтоогчид өнгөрөгч ням гарагт Виоса Османи-Садриуг Ерөнхийлөгчөөр сонгон, тэрээр тус улсын дайны дараах үеийн хоёр дахь эмэгтэй удирдагч болжээ.
Косовогийн 120 суудалтай Парламент хоёр өдрийн турш хуралдсаны эцэст Парламентын дарга асан Виоса Османи-Садриу 71 саналаар сонгогдон, Ерөнхийлөгчийн тангаргаа өргөсөн байна. Санал хураалтын үеэр 11 санал хүчингүй болсон бол сөрөг хүчний хоёр нам болон Серб угсаатны нам санал хураалтад оролцохоос татгалзсан аж.
38 настай Османи-Садриу өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Ерөнхийлөгч асан Хашим Тачиг түр орлож байсан бөгөөд одоо тус улсын Ерөнхийлөгчийг албыг таван жилийн турш хаших юм. Хашим Тачи 2020 онд цэргийн гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгт буруутгагдан, огцорсон билээ.
Дайны дараах Косовогийн долоо дахь Ерөнхийлөгч Османи-Садриу "Self-Determination Movement" зүүнтний намын дэмжлэгтэй нэр дэвшсэн байна. Ингэснээр тус намын гишүүд одоо Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Парламентын дарга гэсэн улсын гурван дээд албан тушаалыг хашиж байгаа юм.
Эх сурвалж: Associated Press
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.