Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 коронавирус хамгийн анх БНХАУ-д бүртгэгдсэн тул нэн ялангуяа барууны улс орнуудад азиудыг үзэн ядах, тэдний эсрэг халдлага үйлдэх явдал эрс нэмэгдсэн. Хамгийн сүүлд өнгөрсөн бямба гарагт Калифорниа мужийн Риверсайдад нохойтойгоо хамт салхилж байсан ахмад настай ази эмэгтэйг хутгалж, хороосон хэрэг гарчээ.
Риверсайдын цагдаа нар хэргийг шалгаад, үзэн ядах сэдэлтэй үйлдэгдсэн гэмт хэрэг биш гэж үзсэн байна. 64 настай Кэ Чиэ Мэнг хутгалуулсан тухай дуудлага цагдаа нарт ирж, цус ихээр алдсан эмэгтэйг эмнэлэгт хүргэсэн боловч амь насыг нь аварч чадаагүй байна.
Уг хэрэгт 23 настай эмэгтэй Дарлен Стефан Монтояаг сэжиглэн баривчилжээ. Сэжигтнээс мэдүүлэг авахад түүнийг ази учраас халдаагүй хэмээн мэдүүлсэн байна. Уг сэжигтэн өмнө нь гуравдугаар сарын 30-ны өдөр өөр нэг эмэгтэй рүү дайрсан хэргээр саатуулагдаад байжээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.