Тайзны засал нэг таагүйг хэлээд байх шиг. Бараг л тас харанхуй. Айдас хүрмээр аяс мэдрэгдэнэ. Энэ үед урт хар хувцастай, нүүрэндээ гивлүүр зүүсэн ер бусын гэмээр мөртлөө гангамсаг бүсгүй гартаа асаасан лаа барин гарч ирэв.
Жүжгийн гол дүр үзэсгэлэнт Аннатай ив ижилхэн харагдах шигээ. Түүний үг яриа нэг л хол хөндий мэт дуугаар,
-Анна чи юу болоод байна аа! гэв.
Залуу бүсгүй гайхсан харцаар дүрлийн харснаа
-Та хэн бэ? гэвэл
Нөгөө хар хувцаст
-Миний хэн байх нь гол биш ээ. Чи намайг сахиусан тэнгэрээ гээд бодчих. Харин чи юу болоод байна. Хүний амь сүйдэж нэгэн гэр бүлийн амьдрал орвонгоороо эргээд байгааг ч тоохгүй...
Наад сэтгэл чинь юунд үймрэв. Охин минь чамд бүсгүй хүний мөрөөддөг элбэг хангалуун амьдрал тав тух, үр хүүхэд байна...
Энэ бол хүссэн хүн бүхэнд олддог юм бишээ. Сайн бодоорой гэх зуураа тэр харанхуйд уусах адил алга болов.
Гэтэл удалгүй гэтэх мэт алхаагаар дахин гарч ирснээ.
-Үгүй ээ! Чи бүү цухалд. Амьдрал гэдэг чинь жаргал зовлон сүлэлдэж байж амттай байдаг юм. Александр чинь чамд хайртай. Чи бүсгүй хүний амсах ёстой бүхнийг амслаа. Анна чи хүн чанараа сонс... гэж хэлээд мөн л алга болно. Энэ бол саяхан Улсын Драмын Эрдмийн театрын тайзнаа тавигдсан Л.Н.Толстойн зохиол “Анна Каренина” романаар бүтээсэн шинэ жүжгийн нэгэн хэсэг юм. Тэгвэл тэр ер бусын хар хувцастай бүсгүй хэн бэ гэвэл найруулагчийнх нь нэрлэснээр “Анна сүнс”.
Уг дүрийг амилуулсан хүн нь төрийн шагналт, ардын жүжигчин Н.Сувд л даа. Түүнийг Вронскийтой бүжиглэхдээ тайзыг бараг гурав тойрон сэнс шиг эргэлдэхэд нь үзэгчид энэ чинь үнэхээр Сувд мөн үү гэж эргэлзсэн. Мөн байлаа. Яг л арван наймт шиг харагдсан. Энэ бол жүжигчний авьяасын нэг тал нь. Бүр тодотгоод хэлэх юм бол жүжигчин хүний сэтгэл зүрхэнд үрчлээ суудаггүйг үзүүлсэн нь тэр. Өнөөдөр Сувдын нас хэд билээ. Энэ тухай эргэцүүлэн бодохул хэн нэг залуу жүжигчин тэр вальс эргэхийг яг Сувд шиг хийж чадах байсан болов уу гэж бодогдов. Тайз, дэлгэцийн хатан хаан гэж бичигч миний өргөмжлөн нэрлээд байгаа Н.Сувд ясны жүжигчин хүн. Тэр хэлдэг юм билээ.
-Чи биднийг харж байгаа бурхан гэж бий. Тэр бурхан бол урлагийн өглөг буян. Уран бүтээлч хүн өөрөө өөрийгөө шатааж, элдэж эвхэж нэг үгээр хэлэхэд өөрийгөө зольж явдаг юм. Тиймээс би жүжигчний ажилдаа бүхнийг зориулдаг. Миний бүтээсэн дүрийг харах гэж яардаг. Хараад таашаадаг басхүү шүүж тунгаадаг үзэгч түмнээ ямагт хүндэтгэдэг гэж.
Намсрайн Сувд гэдэг эрхмийг би сартай зүйрлэн бодож үзлээ. Яг л тийм өнгөлөг дотоод сэтгэлээсээ гэрэл цацруулсан хүн. Сарны тухай ойлголт бол гоо зүйн нандин чанартайгаас гадна үл тайлагдах нууцыг өөртөө шингээсэн ертөнц билээ. Сар хүнээс хол мөртлөө ойр санагддаг. Түүн лүгээ санахлаар Н.Сувд хэмээх бодгаль тайз, дэлгэцэд бүтээсэн дүрүүдээрээ бүхэнд танигдсан ч олон олон жүжиг, киноноос түүнийг харж бахархаж, хайрлаж явдаг хэрнээ Н.Сувд гэж чухам хэн бэ гэдгийг хэн ч гүйцэд таньж мэдээгүй гэхэд болно.
Харин бүтээсэн дүрдээ ард олноо соён гэгээрүүлэх шинэ санаа сэдэл, сургамжтай бүхнийг шингээж өгч чаддаг уран бүтээлч гэж түүнийг найруулагч нөхөд нь үнэлдэг юм билээ.
* * *
Төрийн шагналт, Ардын жүжигчин Н.Сувд Улаанбаатарын жинхэнэ уугуул. Тухайн үеийн нэгэн элит гэр бүлд төрсөн хүн л дээ. Аав Ц.Намсрай нь эрдмийн талын хүн. Яг үндсэн мэргэжил нь сэтгүүлч. Ижий нь нөгөө зууны сайхан эмэгтэйгээр шалгарч байсан Хөдөлмөрийн баатар, маршал Х.Чойбалсангийн шагналт, Ардын жүжигчин Л.Цогзолмаа гуай л даа. Тэдний ууган охин нь Н.Сувд. Тухайн үед ясли, цэцэрлэг гэж ч байсангүй. Тиймээс эх хүн ажлаа ч хийнэ, хүүхдээ ч асарна тийм л.
Л.Цогзолмаа гуай одоо ч ярьдаг. Н.Сувдыг өлгийтэй байхад нь ажилдаа аваад явдаг байлаа. Тайзны ард хаа нэгтэй тавьчихна. Тэсвэртэй өссөн дөө. Ямар сайндаа. 1949 онд Унгарт болсон залуучууд оюутны фествальд аваад явж байхав гэж.
Энэ тухай Гонгорын Хайдав агсны ярьсан нэг дурсамж бий. Тэд Москвад явж байхдаа Кремлийн музей үзэх гэж явтал гоё буйдан дээр нь охин шээчихэж. Үүнийг Бал дарга дуулаад,
-Хожим хуриман дээр нь хөгийг нь хэлэх юм шүү гэсэн гэж. Ингэж л өнөөгийн алдарт жүжигчин Н.Сувд алтан тайзны анир чимээ, урлагийн хүний амьдралыг хар багаасаа биеэ, сэтгэлээрээ үзэж сонсож явсан байгаа юм.
Түүнийг багад нь аав, ижий нь физикч юм уу математикч болгох гэж шалгалт өгүүлж байж. Гэвч хувь заяаны зөн билгэ нь дийлсэн хэрэг үү. Жүжигчний сургуульд явах аз завшаан нэгэн цагт олдсон юм билээ. Тэгээд 1970 онд Москва хотноо Бүх Холбоотын кино урлагийн дээд сургуулийг жүжигчний мэргэжлийг 22 настайдаа төгсгөөд иржээ.
Түүнээс хойш Кино үйлдвэр, Улсын драмын Эрдмийн театрт жүжигчин, урансайхны удирдагч, 2000 оноос театрынхаа дэд захирлаар ажиллаж өдийг хүрсэн юм билээ. Олон жил урлагт зүтгэхдээ асар их ачаа үүрсэн хүн хэн бэ гэвэл Н.Сувд гэвэл маргах хүн ховор л болов уу.
Жүжиг, кинонд тоглох урилга, томилолт завсар зайгүй ирнэ. Сүүлийн жилүүдэд удирдах талын алба, элдэв сонгуульт ажлын ачаа бүр нэмэгдсэн байдаг. Аль алиныг нь амжуулж л явж. Амжуулах амжуулахдаа нэр төртэй хийж бүтээж ирсэн гэдэг нь үнэн. Түүний тайзнаа бүтээсэн анхны дүр 1973 онд тоглосон Н.Островскийн “Инжгүй хүүхэн” жүжгийн Лариса. Кино дэлгэцэд бол “Эхлэл” киноны Хорлоо.
Үүнээс эхлээд яаж амжуулж байсан юм гэмээр бүтээлээ ундруулсан байгаа юм. Заримыг нэрлэбэл “Хоёр эзний нэг зарц”-ын Беатриче, “Отелло”-гийн Дездемони, “Гамлет”-ын Офилия, “Мартагдсан аялгуу”-гийн Бадам, “Нора”-гийн Нора, “Байцаагч түшмэл”-ийн Анна Андреевна, “Цахлай”-гийн Аркадина гээд олон жүжгийн, “Дайсны цэргүүдээ сонсоцгоо”-гийн сувилагч Цэндсүрэн, “Ичээнд нь”-ийн Солиотой хүүхэн, “Анхны хайрын дууль”-ийн Янжин, “Хань”-ийн Наран, “Хатанбаатар”-ын Жаргал гээд киноны дүрүүдийг нэрлэж болно. Энэ нь түүний уран бүтээлийн зөвхөн эхлэл хэсэг нь. Н.Сувд уран бүтээл дундаасаа гоц олзуурхан бодож явдаг нэг юм нь олон сайхан хатдын дүр бүтээснээрээ бардамхан явдаг юм билээ.
“Мөнх тэнгэрийн хүчин дор”, “Үхэж үл болно” киноны Өүлэн ижий, “Мандухай сэцэн хатан” киноны Мандухай, “Тэнгэрийн хүү” жүжгийн Монгол хатан гэх зэрэг түүхэн хатдын дүрийг нь үзэгч түмэн андахгүй л дээ.
Тэр дотроос Монголын эрэлхэг эмэгтэй Мандухайн дүр гоц. Яагаад гэхээр Мандухай хатан гэхээр Н.Сувд л нүд болоод сэтгэлд буудаг шүү дээ. Тиймээс ч энэ дүрээрээ төрийн шагнал хүртсэн нь чухамхүү нүдээ олсон хэрэг гэж олон түмэн хэлцдэг.
-Та тэр сайхан хатдын дүрийг өөрөө сонгож бүтээсэн үү гэхэд тэр
-Яалаа гэж дээ. Найруулагч л сонгоно. Харин тэр нь надад азтай явдал байсан байж болох. Тийм ижилхэн олон дүрийг өөр хооронд нь ялгаатай бүтээнэ гэдэг жүжигчин миний үүрэг байсан. Олон Мандухайг үзэгчид хүлээж авахгүй шүү дээ. Мандухай нэг л байх ёстой. Өүлэн эх ч гэсэн дээ. Нэг л бодит хүн. Хатдыг хооронд нь ялгаатай гаргахын тулд мэргэжлийн ур чадвар их шаардана. Жүжигчин хүний нэг зовлон тэр гэж хэлсэн бий.
Жүжигчин Н.Сувд ижийгээ дуурайсан сайхан эмэгтэй. Энэ нь ч тэр хатдын дүрийг амилуулахад дөхөмтэй байсан гэж найруулагчид үздэг байх л даа. Анх Мандухайд Н.Сувд тоглох боллоо гэхэд хүмүүс зарим нь арай биш ээ гэсэн аястай байсан гэдэг. Тэгвэл киног үзсэний дараа жинхэнэ Мандухай болж гэсэн яриа байдаг.
Н.Сувд их энгийн ихэрхэх зангүй, зөөлөн сайхан яриатай хүн болохоор эрэлхэг эмэгтэйд тохирохгүй гэсэн санах хүн байж л дээ. Гэтэл морин дэл дээр хийсгэн сэлэм эргүүлж дайтсан нэгэн байж чадсаан.
Киноны аль ч хэсэгт орлон тоглогчгүй ажилласан нь Н.Сувдын дотор бас нэг дайчин Сувд оршин байсан шиг санагдуулдаг шүү дээ. Кино найруулагч Б.Балжинням агсан нэг удаа “Сувдыг Мандухайгүйгээр Мандухайг Сувдгүйгээр төсөөлшгүй санагддаг гэж хэлсэн байдаг. Энэ нь би дүрээ зөв сонгсон гэсэн үг байлаа. Авьяаслаг хүн гэдэг өөрөө сайн дүр бүтээгээд зогсохгүй хамтран тоглогчоо дүрд нь тодруулж эгэл хүний амьдралаар амьдруулж, дурлуулж, сархадад шартуулж, өөртөө дасгаж бас зөвтгөж буруутгаж давтагдашгүй болгож чаддаг байх юм. Тэгснээрээ тэнгэрийн элч мэт хаадыг махан биетэй, цусан зүрхтэй жирийн хүн болгож үзүүлсэн нь Мандухайн дүр л дээ. Бас гайхалтай бөгөөд харамсмаар үхэж чадснаар Исмайлын дүрийг үнэхээрийн үзэн ядмаар адгийн дүр болгосон юм шүү. Нөгөө гэвэл Өүлэн эхийн дүрийг эх хүн төдийгүй жинхэнэ эх оронч ухаалаг болгон бүтээсэн бий. Чингисийг дайнд мордохын өмнө гэртээ орж ирээд гарахад “Битгий яв миний хүү” гэж хэлдэг. Үргэлжлэлийг нь харцнаас нь уншиж болдог. Хасарыг зодуулж байхад юу ч хэлээгүй хэрнээ “Энэ хүний нуруун дээр Монголын төр байгаа юм шүү” гэж бас зөвхөн харцаараа ойлгуулдаг юм. Уг дүрийг задалж үзэх юм бол цааш маш ихийг нэмж мэдэж болох. Жүжигчин хүн үгийн амтыг ам, хэлээрээ биш сэтгэлээрээ мэдэрдэг байхын учир тэр гэж болно. Ер нь Н.Сувд дүр бүтээхэдэ урандархан хүн шиг ажиллаж олон талын судалгаа хийж сэтгэл оюундаа бүрэн багтааж байж дараа нь гаргаж ирдэг байх юм.
Нэг үгийг яруу сайхан хэлж болно. Харин тэр үгтэй цуг ямар дүр зураг харуулахав гэдэг чухал. Энэ бол жүжигчний баримталдаг нэг гол зарчим. Нэгэн бодит бөхийн амьдралаас сэдэвлэсэн “Хань” кино гэж бий. Уг киноны зохиолыг Б.Гомбо найруулагч гол дүрд нь Н.Сувдыг тоглуулна гэсэн зориулалттай бичсэн гэдэг юм. Тэгээд ч тэр үү хүний жинхэнэ хань ямархуу үнэнч, сайхан сэтгэлтэй байхыг Наран гэдэг бүсгүйн дүрээр гаргаж чадсан гэдэг юм билээ. Сувдын хэлдэг нэг алт шиг үг бий. Тэр нь “Би театрт муу ажиллах эрхгүй хүн” гэсэн үг.
* * *
Бурхан Н.Сувдад нэг л юмыг өгөөгүй. Тэр нь атаа жөтөө, хувийн шиг завшаанч байхын тухай гэж болно.
Басхүү Н.Сувдад нэг сайхан бахархал байдаг гэдэг. Анх жүжигчин гэдэг диплом өвөртлөөд ирэхэд нь Монголын театрын алтан үеийнхэн хүлээж авсан. Тэдний дунд ёстой л өөхөнд боолгосон мэт өсөж өндийснөө тэр байнга дурсдаг. Тэд авьяасын тэнгэрүүд гэхээр хүмүүс байв. Зохиолч, найруулагч Э.Оюун, Л.Ванган нараас эхлээд ардын жүжигчин С.Гэндэн, Ц.Цэгмэд, Н.Цэгмэд, Д.Чимэд-Осор, Т.Хандсүрэн, Г.Гомбосүрэн, Ц.Гантөмөр, гавьяат жүжигчин Т.Цэвээнжав, Р.Дамдинбазар, У.Осор, М.Бадамгарав, Ц.Цэнд-Аюуш тэргүүтэй ахмад үеийнхэн Н.Сувдыг үр хүүхэд шигээ бөөцийлж ихийг сургасан гэдэг юм.
Тэр мундгуудаас сурснаа өнгөлж тордсоор өдийг хүрэхдээ Н.Сувд өөрөө Монголын урлагийн оддын нэгд тооцогдох болж театрынхаа залуу үеийг сургаж үлгэрлэж явна.
1980-аад оноос театрынхаа урансайхны удирдагч дараа нь дэд захирлаар ажилласнаасаа хойш залуу жүжигчдэд тайз, дэлгэцнээ хэрхэн амьдрах ухааныг зааж аяны дөрөөнд нь сүү дусааж өгсөн хүн гэж ч болно. Театрынхаа хойч үеийг бэлтгэхийн төлөө ч ихийг хийсэн юм Урансайхны удирдагч болонгуутаа Ю.Цэдэнбал даргатай биечлэн уулзаж ЗХУ-д хүүхэд сургая бас уранбүтээлчдийнхээ нийгмийн асуудлыг анхаарья гэх зэрэг санал дэвшүүлсэн байдаг. Үр дүн нь ч гарсан. Олон хүүхдийг ЗХУ-д суралцуулсан. Тэд нь өнөөгийн театрын гол хүч болж яваа. Урлагийн ертөнцөд хүч авьяасаа сорино гэдэг бол үнэхээрийн тэвчээр, чадал тэнхээ заасан ажил юм шүү гэж тэр залууст сургадаг. Тиймээс театрынхаа мэргэшсэн жүжигчидтэй байхыг түүчээлсэн хүн хэн бэ гэвэл Н.Сувд гэж хэлэхэд онох л байх. Өнөөдөр Монголын театр дэлхийтэй өрсөлдөхүйц бүтээл хийдэг болсон. Энэнд ч түүний сэтгэл зүтгэлийн нэмэр асар ихийг хэлэхгүй бол алдас болж магадгүй л дээ. Жүжигчдийн хувьд даанч мастер гэдэг цол байхгүй юм. Байдагсан бол Н.Сувд урлагийн нэг мастер нь мөн. Ингэж хэлэх нь Мандухайн дүр бүтээснээрээ төрийн шагнал, 2001 онд гавьяат жүжигчин, 2010 онд Ардын жүжигчин гэдэг эрхэм цол хүртсэнийг нь чамласан юм биш л дээ. Ижийгээсээ хөдөлмөрийн баатар гэдэг дээд цолоор л дутуу яваа. Ер нь уран бүтээлчийн хувьд авсан шагнал бол тоочоод барамгүй. Гэгээн муза цомыг бараг арваад удаа авсан байдаг.
Тэр бүтээсэн олон янзын дүрээрээ амьдралын үнэнг агуулж, алагтай цоогтой түүхийн нэгэн гэрч болж явна. Тайз, дэлгэцийн хатан хаан-хөргийн баатар маань нартын жаран илүүг туулахдаа юу эсийг үзэхэв. Аав, ижийгийн их хайр, залуу нас, хайр дурлал, хамтын амьдрал, хагацал гуниг бүгдийг үзсэн. Гэвч Сувд Сувдаараа л байж чадсан. Нэг удаагийн ярилцлагадаа хувийн амьдралаа цухас нээж арван жилийн сургуульд байхаасаа үерхэж яваад ханилсан хоёр хүүхдийнхээ эцэг авааль нөхрөө өөр хүүхэнтэй боллоо гэхэд
-За Төрөө минь би явлаа. Чи сайн бодсон л байх. Дараа нь эргэж хургав, харамсахгүй биз гэж хэлээд явчихсан гэдэг. Тэгсэн дөрвөн сарын дараа Сувдыг эргээд ирээч гэсэн байгаа юм. Тэр үед “Чиний сонгосон зам шүү дээ” гэсэн байдаг. Уран бүтээлд нь ч ийм явдал зөндөө тохиолдсон л байх. Мандухайн кинонд түүнийг аян дайнаас ирэхэд нь Даянхаан Батмөнхийг Алтжин гэдэг бүсгүйтэй учир ургуулаад байгаа тухай Сатай түшээ хэлдэг. Тэгэхэд Мандухай цөөн үг, ухаалаг харцаараа “Монголын төр л түвшин байх болтугай” гэсэн санаагаа ойлгуулдаг. Энэ бол аугаа чанар. Н.Сувдын залууст хэлж сургадаг үгнээс зөвхөн нэгийг онцлоход
-Алив дүрд том жижиг, гол туслах гэж ялгавартай хандаж болохгүй. Энэ гол дүр юм гээд ур чадвар, сэтгэл зүрхээ зориулсан хэрнээ за энэ ч яахав жижиг дүр гэж түүндээ дутуу дулимаг хандах нь огтоос байж болохгүй зүйл. Үзэгдээд өнгөрөх төдий дүрд ч сэтгэлээ өгч бай гэж сургадаг. Ер нь хүний дотоод сэтгэлийн өгөгдөхүүн гэж нандин юм бий. Даангүй жижигчин хүнийх бүр онцлог. Энэ талаас аваад үзэхэд Н.Сувдын авьяас төрмөл шинжтэй нь мэдрэгдэнэ. Төрмөл төрмөлдөө өөр бусдад хагас дутуу өгөгдсөн байдаг бол түүнд бүтнээрээ заяагдсан болов уу. Ийм бодохлоор жүжигчин Н.Сувдын авьяаслаг аугаа чанар нь амьдралыг гал мэт цоргин дүрэлзэж, гол мөрөн мэт цэлэлзэж явдаг билээ.
Амьдралын алив бүхэн жүжигчин хүний уураг тархинаа өртөж зүрхэн дундуур нь урсаж байдаг гэдэгтэй санал нийлэхүйд ийм. Н.Сувдаас нэг сурвалжлагч асуухдаа
-Ямар ч дүрийг төвөггүйхэн гараас гаргачихна гэсэн бардам бодол танд байдаг уу гэхэд
-Хэзээ ч тэгж бодож явсангүй ээ. Би нэг харцтай, нэг нүүр царайтай, нэг өнгийн дуу хоолойтой. Гэвч тэр бүхнээ лав тавин жил янз бүрээр хувиргаж ирлээ. Сайн талын дүрд ч, саар бүр яадгаа алдсан хүний дүрд ч хувирах шаардлага гардаг. Хэцүү л дээ. Харин нас ахих тусам сэтгэл зүтгэл байлаа ч бие хаа өөр болж санасандаа хүртэл хувирахад жаахан хүнд болох юм гэсэн хариулт өгсөн байв. Тэгвэл өнөөдөр ч энэ хүний жүжиглэлт уран бүтээлийг харахад өөрчлөгдсөн өнгө төр харагддагүй хэвээр. Барагдашгүй авьяасынх нь эрч хүч тэр байхаа.
“Анна Каренина” жүжгийн сүнслэг дүрийг амилуулснаас нь харахад бүр тийм бодол төрсөн дөө.
* * *
Жаран дамжсан хоёр зууны өнгөнд Монголын тайз, дэлгэцийн уран бүтээл яндашгүй арвин түүхийг бүтээлцэж яваа энэ эрхмийн хүн чанар, ажил амьдралынх нь тухай бүгдийг энэ бэсрэгхэн хөрөг нийтлэлд багтаахын учир үгүй тул уучлал эрж, эгэл нэгэн алдартан-жүжигчин Намсрайн Сувд гэдэг бүсгүйн дурлалтай, дурсамжтай, дарстай, цэцэгтэй, баяртай нулимстай замнал буюу үзэгч олноо хөгжил дэвшилд хөтөлж хойч үедээ үлгэр үзүүлж яваа намтар юунаас нь хэлтлэн хэлтлэн байж бичиглэхийг эрмэлзсэн минь энэ.
Жүжигчин бүсгүйн цаашдын амьдрал, урлагийн тэнгэр хойшид улам цэлмэг байх болтугай гэсэн ерөөлийг өргөмүү.
Д.ЦЭРЭННАДМИД
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч
2021.4.5 ДАВАА № 67 (6544)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Мөндухайд үнэхээр сайн тоглосон учир мугж жүжигчин байж болно. Харин хатан хаан, муаж, хөдөлмөрийн баатар зэрэг нь арай ч дэндэнэ.