Өмнөд Солонгосын "LG Electronics" компани гар утасны салбарын бизнесээс гарч байгаагаа албан ёсоор мэдэгдэв.
Тус компанийн гар утасны хэлтэс нь энэ оны 7 дугаар сарын 31-нээс хойш гар утас үйлдвэрлэх, борлуулах үйл ажиллагаагаа бүрэн зогсоох аж. "LG"-гийн гар утасны хэлтэс нь олон жилийн турш мөнгө алдаж байгаа бөгөөд ухаалаг гар утасны талбарт өрсөлдөөн улам ширүүсэж байгаа үед хөлөө олж чадаагүй юм.
Нэгэн цагт дэлхийн гурав дахь том гар утас үйлдвэрлэгч байсан тус компанийн гар утасны бизнес 2015 оны 2-р улирлаас эхлэн алдагдалд орсон бөгөөд 2020 онд үйл ажиллагааны хуримтлагдсан алдагдал нь таван их наяд вонд хүрсэн байна.
Гар утасны бизнесээс гарах нь богино хугацаанд компанийн орлого буурахад хүргэх хэдий ч санхүүгийн байдал, менежментийн бүтээмжийг урт хугацаанд сайжруулна гэж компанийн зүгээс үзэж байгаа юм. "LG Electronics" нь алдагдалтай гар утасны бизнесээс гарснаар энэ онд үйл ажиллагааны ашиг нь нэг их наяд воноор өсөх боломжтой гэж шинжээчид мэдээлжээ.
Ухаалаг гар утасны салбар дахь "LG"-гийн хүчин чармайлт "Samsung", "Apple" зэрэг аварга том өрсөлдөгчдийн сүүдэрт дарагдсан бөгөөд илүү хямд утасны салбарт Хятадын брэндүүд ноёрхож байгаа юм. Зах зээл судлаачдын мэдээлснээр "LG Electronics" компани нь өнгөрсөн жил 24.7 сая ширхэг ухаалаг утас нийлүүлсэн бөгөөд дэлхийн ес дэх том ухаалаг утас үйлдвэрлэгчээр тодорч байжээ.
Эх сурвалж: Yonhap News Agency
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.