Мьянмар улсад хоёрдугаар сарын 1-ний өдөр төрийн эргэлт гарч, цэргийн удирдагчид жилийн хугацаатай онц байдал зарласнаас хойш иргэдийн эсэргүүцлийн жагсаал үргэлжилж байна. Гэвч тайван замаар жагсаж байгаа иргэд рүү армийн цэргүүд, аюулгүйн хүчнийхэн гал нээж 600 орчим иргэн алагдаад байгааг барууны эх сурвалжууд мэдээлсэн.
Тэгвэл Тайланд улсад болсон "Мисс Гранд 2020" олон улсын гоо бүсгүйн тэмцээнд оролцсон Мьянмар улсын гоо бүсгүй Хан Лай улс орондоо үүссэн нөхцөл байдлыг хөндөж, олон улсаас тусламж хүсчээ. Тэрээр тэмцээний тайзан дээр "Өнөөдөр миний эх оронд маш олон хүн үхэж байна. Мьянмар улсад туслаач. Бидэнд яг одоо олон улсын дэмжлэг нэн шаардлагатай байна" гэжээ.
Энэ жил 22 настай гоо бүсгүй сарын өмнө Янгон хотод болж буй цэргийн удирдагчдыг эсэргүүцсэн жагсаалд оролцож байжээ. Хан Лай Янгоны их сургуульд сэтгэл судлаачаар суралцдаг бөгөөд гоо бүсгүйн тэмцээнийг ашиглан эх орондоо болж буй үйл явдлын бодит нөхцөл байдлын талаар олон улсын тавцанд мэдэгдэхийг хүссэн байна.
Мьянмарт болж буй үйл явдлыг мэдээлсэн сэтгүүлч сурвалжлагчид алагдаж байгаа тул Хан Лай гоо бүсгүйн тэмцээн дээр хийсэн үйлдлийнхээ дараа ирэх гурван сарын хугацаанд Тайланд улсад байрлаж аюулгүй байдлаа хамгаалахаар шийджээ. Хэрэв тэр эх орон руугаа буцвал цэргийн удирдагчдад баригдаж, өөрийгөө эрсдэлд оруулна гэж эмээж байна.
Найз нөхөд, гэр бүлийнхэн нь түүнийг буцаж ирээд хэрэггүй гэжээ. Мьянмарын аюулгүйн хүчнийхэн одоогоор цахим сүлжээнд олон дагагчтай 18 олны танил хүнийг баривчлан саатуулжээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.