Индонезийн зүүн хэсэгт их хэмжээний аадар бороо орсны улмаас хэд хэдэн гамшигт үзэгдэл тохиолдож, дор хаяж 55 хүн амиа алдан, олон мянган хүн гэр оронгүй болоод байгааг тус улсын Гамшгаас аврах агентлаг мэдээлэв. Одоогоор 40 гаруй хүн сураггүй алга болоод байгаа аж.
Зүүн Нуса Тенггара мужийн Ламенеле тосгоны эргэн тойрны толгодоос асар их хэмжээний шавар бууж ирэн, хэдэн арван байшин урсан одсон байна. Аврагчид 38 хүний цогцсыг гаргаж ирсэн бөгөөд дор хаяж таван хүн шархадсан болохыг орон нутгийн Гамшгийн агентлагийн дарга Ленни Ола мэдэгджээ.
Мөн гамшигт үерийн улмаас Индонезийн өөр нэгэн бүс нутагт 17 хүн амиа алдаж, дор хаяж 42 хүн сураггүй алга болсон гэж Гамшгийн аюулыг бууруулах үндэсний газраас мэдээлсэн юм. Алслагдсан хот сууринуудын тог цахилгаан тасалдаж, замууд нь өтгөн шаварт дарагдсан тул аврах багийнхан хүрч очиход бэрхшээлтэй байгаа аж.
Эрх баригчид гамшигт нэрвэгдсэн газруудад гарсан хохирол, хохирлын бүрэн хэмжээний талаар үргэлжлүүлэн мэдээлэл цуглуулсаар байгаа гэлээ. Индонезийн борооны улирлын үеэр хөрсний гулсалт, үер зэрэг байгалийн гамшигт үзэгдэл байнга тохиолддог бөгөөд тус улсын уулархаг ба үерийн аюултай бүс нутагт олон сая хүн амьдардаг юм.
Эх сурвалж: Associated Press
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.