Тайванийн Хуалин хотод өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт галт тэрэг осолдож, хэдэн арван жилийн хугацаанд тохиогоогүй аймшигт осол болсон. Уг ослын улмаас 50 зорчигч амиа алдаж, 200 гаруй хүн гэмтэж шархадсан.
Ослын шалтгаан нь барилгын ажил явагдаж байсан газарт байрлуулсан ачааны машин гулсаж төмөр зам руу орсноос үүдэлтэй гэдгийг тогтоосон. Тиймээс барилгын ажлыг хариуцаж байсан менежер Ли И Сианг болсон явдалд гүнээ эмгэнэн гэмшиж байгаа бөгөөд уучлалт гуйхыг хүсэж байна гэдгээ илэрхийлжээ.
Түүнийг өнгөрсөн долоо хоногт баривчлан, батлан даалтад суллаад байсан боловч өчигдөр буюу ням гарагт эргэн баривчлан саатуулсан байна.
Хяналтын камерын бичлэгээс харахад ачааны машин галт тэрэгнээс ердөө 250 метр зайтай байсан ба галт тэрэгний машинистад галт тэргийг зогсоож хариу үйлдэл үзүүлэх ердөө долоон секундын хугацаа байжээ. Харамсалтай нь энэ хугацаанд галт тэргийг зогсоож чадаагүй байна.
Хятад үндэстнүүдийн Цинмин буюу үхэгсдийг дурсах өдөр өнгөрсөн амралтын өдөр тохиосон тул тээврийн салбар ачаалал ихтэй байсан. Осолдсон найман чингэлэг бүхий галт тэргэнд 500 орчим зорчигч байсан бөгөөд суудал хүрэлцээгүй байсан тул ихэнх нь зогсож явсан гэж эх сурвалж мэдээлжээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.