Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн "Хаялга" гэдэг газар /аймгаас урд зүгт 3 км/-т Хэрлэн голыг таван иргэн явганаар гаталж байгаад гарч чадахгүй байна гэсэн дуудлага аймгийн Онцгой байдлын газарт 04 дүгээр сарын 03-ны өдрийн 23:55 цагт иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид таван иргэнийг уснаас гарган, аймгийн түргэн тусламжийн хэсэгт хүлээлгэн өгсөн байна. Эдгээр иргэд нь 14-39 насныхан байжээ.
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр манай орны ихэнх гол, мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй байгаа ч гол мөрний дунд болон адгаар мөс аажмаар хайлж, харз, тошин үүсэх, мөс харлах, мөсөн дээгүүр ус урсах, мөс байрандаа хайлах зэрэг үзэгдэл ажиглагдаж, мөс хэврэгшин нимгэрч байна.
Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг Онцгой байдлын байгууллагаас онцгойлон анхааруулж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.