Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар 11:00 цагийн ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма: "4 дүгээр сарын 3-ны өдөр нийт 46 цэгт 128 багийн бүрэлдэхүүнтэйгээр 923 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ажиллаж, Улаанбаатар хот болоод хөдөө орон нутагт дархлаажуулах үйл ажиллагааг зохион байгууллаа.
Ийнхүү нийт 10,000 хүнийг хамруулснаар улсын хэмжээнд дархлаажуулалтад хамрагдвал зохих хүн амынхаа 17,8 хувь буюу 346,745 хүнийг хамруулсан. Нийслэлд 328,179 иргэн, орон нутагт 18,566 иргэн коронавирусийн эсрэг вакцины эхний тунгаа тариулаад байна.
БНХАУ-ын вакцин тариулсан хүмүүсийн 14 хувьд нь ерөнхий түгээмэл илрэх урвалууд илэрч байна. Энэтхэг улсад үйлдвэрлэсэн "Covishield" вакциныг тариулсан нийт хүний 50-55 хувьд нь илрэх ёстой түгээмэл урвалууд илэрч байгаа. Харин "Pfizer" вакциныг тариулаад байгаа хүмүүсийн 5 хувьд нь бие эвгүйрэх, халуурах зэрэг ерөнхий урвалууд илэрч байгаа юм.
Улаанбаатар хотод 50-иас дээш насны 245,000 иргэн байгаагаас 124,000 хүн буюу 50 хувь нь дархлаажуулалтад хамрагдаад байна. Өнөөдөр, маргааш гэхэд 50-иас дээш насны бүх иргэнийг хамруулах зорилт тавин, нийслэл хотод 64 цэгт 138 баг бүрэлдэхүүн ажиллаж байна" гэлээ.