Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар 11:00 цагийн ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа: "Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 23 лабораторид нийт 12,235 хүний сорьцод шинжилгээ хийхэд 620 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдол 10,218 боллоо.
Мөн өнгөрсөн 24 цагийн хугацаанд 270 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдлын 55,3 хувь нь буюу 5,649 хүн эдгэрээд байна.
Шинээр бүртгэгдсэн 620 тохиолдол нь бүгд дотоодоос илэрсэн, гадаадаас зөөвөрлөгдөж ирсэн тохиолдол байхгүй. Шинэ тохиолдлуудын 503 нь Улаанбаатар хотод бүртгэгдэж, 117 нь аймаг орон нутагт бүртгэгдсэн. Эдгээр тохиолдол Архангай, Баянхонгор, Булган, Дархан, Орхон, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий зэрэг аймагт бүртгэгджээ.
Одоогийн байдлаар нийт 2,107 хүн коронавирусийн халдвараар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Тэдгээр хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл,
Хөнгөн - 1,822
Хүндэвтэр - 225
Хүнд - 51
Маш хүнд - 9 хүн байгаа юм.
Өнөөдрийн энэ тоо бол анх Монгол Улсад коронавируст халдвар бүртгэгдсэнээс хойш нэг өдөрт бүртгэгдэж байгаа хамгийн өндөр тоо юм" хэмээв.